"COVID-19"-ийн хоёр дахь давалгаанд залуус өртөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
nandintsetseg@montsame.gov.mn
2020-03-27 11:41:59
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар дэлхийн 201 оронд “COVID-19” халдвар бүртгэгджээ. Тус халдварын хоёр дахь давалгаанд 10-45 насны хүмүүс өртөж хүндээр өвчилж байгааг олон улсын эрдэмтэн судлаачид тэмдэглэж байна. 


Түүнчлэн Нидерланд улсын нийгмийн эрүүл мэндийн эрдэмтэд цэвэрлэх байгууламжаас коронавирус илрүүлсэн бөгөөд тус халдвар агаар дуслаас гадна бохирын замаар дамжин халдварлаж байгааг ЭМЯ-наас анхаарууллаа.


Гуравдугаар сарын 26-ны байдлаар дэлхий дахинд COVID-19 халдварын 465 915 тохиолдол, 21 031 нас баралт бүртгэгдсэн байна. Эхний 100 мянган тохиолдол бүртгэгдэхэд хоёр сарын хугацаа шаардсан бол одоо халдвар хоёр хоногт л   100 мянгаар нэмэгдэж байгааг онцоллоо.


Өнгөрсөн 24 цагийн хугацаанд АНУ-д коронавирусний халдварын тохиолдол огцом өсөж, БНХАУ болон Итали улсыг давжээ. Халдварын голомт Нью-Йорк хотын нөхцөл байдал хүнд байгаа бөгөөд тус хотын эмнэлгүүдэд амьсгалын аппаратын хүрэлцээ муу байна. Учир нь биеийн байдал нь хүндэрсэн нэг өвчтөн дунджаар 11-21 өдөр амьсгалын аппарат хэрэглэж байгаа аж.



ЭМЯ-ны гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа "БНХАУ-д коронавирус зөөвөрлөгдөн орж ирсэн 400 гаруй тохиолдол бүртгэгдсэн учир энэ сарын 28-ны 00 цагаас хилээ хааж байгаагаа мэдэгдсэн байна. Харин Испани улсад өнгөрсөн хоногт 700 гаруй, нийт 4000 гаруй нас баралт бүртгэгдэж, нийслэл Мадрид хотын спорт цогцолборыг цогцос хадгалах байр болгон ашиглаж байна. Тайланд улсад онц байдал зарласан, хөл хорио тогтоогоогүй. Япон улс Европын 21 улс болон Иран улсаас ирэх нислэгийг хүлээн авахгүй, Өмнөд Африкт өдөрт 900 гаруй шинэ халдвар бүртгэгдсэн учир 21 хоногийн хөл хорио тогтоогоод байна” гэлээ.


ДЭМБ-аас улс орнуудад өгч буй гол зөвлөмж бол тохиолдол бүрийг эрт илрүүлэх, тусгаарлах, эмчлэх чадавхыг бүрдүүлэх юм. Энэ бол сонголтын асуудал биш, заавал биелүүлэх үүрэг гэж тус байгууллагын ерөнхий захирал тэмдэглэжээ. Түүнчлэн улс орнууд дангаараа тус тэмцэлд ялалт байгуулахгүй, хоорондоо мэдлэг, туршлага нөөцөө хуваалцах хамгийн чухал байгааг онцолжээ. 


Эрүүл мэндийн тогтолцоо сул хөгжсөн, дотоодын зөрчилтэй, ядуу буурай орнуудад тусламж үзүүлэхгүй бол бүх улс оронд эрсдэл учирна гэж ДЭМБ үзэж буй. Иймд НҮБ-аас ядуу буурай орнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор хоёр тэрбум ам.долларын төсөвтэй хүмүүнлэгийн тусламж эхлүүлээд байна.


Дэлхий дахинд коронавирусний халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан:


-худалдаа үйлчилгээний газруудад үйлчлүүлэгчид 2 метр зайнд зогсох тэмдэглэгээ байрлуулах


-хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх


-албан байгууллага бүр гар халдваргүйжүүлэгч байрлуулах


-аль болох бэлэн мөнгө хэрэглэхгүй байх


-гараас гарт үйлчлэхээс татгалзах, үйлчилгээг цахимжуулах


-банкны АТМ, дэлгүүрийн сагс, явган болон урсдаг шат, хаалганы бариулыг өдөрт 2-3 удаа цэвэрлэж халдваргүйжүүлэхийг ЭМЯ-аас зөвлөж байна.


Холбоотой мэдээ