Мах, хүнсний бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-03-25 18:40:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайдаас өгсөн үүргийн хүрээнд ШӨХТГ Налайх дүүрэгт өнөөдөр ажиллав. 

Шуурхай хяналт шалгалтын ажлын хэсэг тус дүүргийн худалдааны төв, дэлгүүрээр худалдаж буй мах, өргөн хэрэглээний хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ, хангамж болон тус дүүрэгт байрладаг зарим ААН-ийн ШТС дахь шатахууны жижиглэнгийн үнийг хянаж шалгав.

Хяналт шалгалтаар тус дүүргийн дэлгүүрүүдэд нөөцийн махыг иргэд, хэрэглэгчдэд Засгийн газраас тогтоосон үнэ тарифаар худалдаж, үнийн мэдээллийг ил тод байршуулсан байв. ШТС-д А-92 болон дизель түлшний үнэ литр тутамд 40-60 төгрөгөөр буурчээ.

Өргөн хэрэглээний барааны нөөц, хангамжид хомсдол үүсээгүй, үнэ харьцангуй тогтвортой байгаа тул иргэд, хэрэглэгчдийг аль болох хямд, чанарын шаардлага хангасан бараа, бүтээгдэхүүн худалдан авахыг ШӨХТГ зөвлөж байна.

Худалдан авагчдын эрх зөрчигдсөн тохиолдолд “Хэрэглэгчийн утас-115”-аар санал, мэдээллээ төлбөргүй ирүүлэх боломжтой юм.


Холбоотой мэдээ