Истанбулаас 252 иргэн эх орондоо ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2020-03-19 01:17:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Истанбул-Улаанбаатарын тусгай нислэг өнөөдөр 01.22 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардаж, 252 иргэн эх орондоо ирлээ.


Иргэдийг ирсэн даруйд 14 хоног тусгаарлахаар ЗТХЯ, ХӨСҮТ, ОБЕГ, МХЕГ-ын алба хаагчид ажиллаж байна. Мөн зорчигчдын ачаа, тээшийг 14 хоног ариутгасны дараа хүлээлгэн өгөх юм. Түүнчлэн тусгай нислэгийн бүрэлдэхүүнд багтсан мэргэжлийн хяналтын эрүүл ахуй, халдварын хоёр ахлах байцаагч, ХӨСҮТ-ийн нэг эмч, дөрвөн нисгэгч, хоёр инженер, техникийн ажилтан болон есөн үйлчлэгчийг мөн хугацаанд тусгаарлах юм.


Тус нислэгээр Монгол Улсад амны хаалт үйлдвэрлэх түүхий эд материал болон эмнэлгийн тоног төхөөрөмж, эм тээвэрлэж ирснийг МИАТ компани мэдээлсэн юм. Дээрх 252 иргэнийг эрүүл мэндийн үзлэгт оруулсан бөгөөд халуурсан хүн байгаагүй гэдгийг мөн онцлов.


Ташрамд дурдахад, энэ сарын 15-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр БНСУ-аас 244 иргэнээ татан авсан. Мөн энэ сарын 16-нд Берлин, Москвагаас 231, Токиогоос 256 иргэнээ тусгай нислэгээр авч ирсэн юм. Ингэснээр Истанбулын нислэгээр ирсэн зорчигчидтой нийлээд 983 иргэн эх орондоо ирлээ. Түүнчлэн гадаад улсад зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон монгол иргэдийн өргөдөл, хүсэлтийг харгалзан шаардлагатай тохиолдолд нэмэлт нислэг үйлдэх асуудлыг Засгийн газар, УОК шийдвэрлэх юм. Тиймээс иргэдийг хүлээцтэй байж, ойр байрлах Монгол Улсын Элчин сайдын яам болон Консулын газарт хандахыг зөвлөж байна.

Холбоотой мэдээ