Өнөөдөр "Монгол цэргийн өдөр" тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-03-18 10:40:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчнийг үүсгэн байгуулсны 99 жилийн ой, Монгол цэргийн өдөр тохиож байна.


Одоогоос 99 жилийн өмнө 1921 оны гуравдугаар сарын 18-нд Их жанжин Д.Сүхбаатарын удирдсан Ардын цэрэг Хиагтыг чөлөөлсөн түүхт өдөр. Эндээс Монголын орчин цагийн Ардын журамт цэрэг эх орныхоо тусгаар тогтнолын төлөөх анхны ялалтын буухиаг эхлүүлэн Монгол Улсын Зэвсэгт хүчин байгуулагдаж, бахархалт түүхэн замналаа эхлүүлсэн билээ.


БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1946 оны тавдугаар сарын 28-ны өдрийн 32 дугаар хурлын тогтоолоор Монгол Ардын журамт цэрэг Хиагтыг чөлөөлж анхны ялалтын тугийг  мандуулсан энэхүү түүхт өдрийг “Хувьсгалт цэргийн баярын өдөр” хэмээн жил бүр улс даяар ёслон тэмдэглэх шийдвэр гаргаж байжээ.

 

Харин 2011 онд Монгол Улсын Их Хурлаас “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар жил бүрийн энэ өдрийг “Монгол цэргийн өдөр” болгон тэмдэглэж эхэлсэн юм.



Ташрамд сонирхуулахад, Монгол цэргийн эртний түүх бол Хүннү, Сяньбигаас эхлээд Их Монгол улс, Чингис хаан, түүний хөвгүүдийн байгуулсан тусгаар тогтносон Их Монгол улсын түүх юм. Тусгаар тогтнолоо тунхаглан зарласан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал, 1921 оны Ардын хувьсгал, Халхын голын байлдаан, Дэлхийн II дайн, өнөөгийн Ардчилсан Монгол Улсын Зэвсэгт хүчин, Дэлхий дахины энхийг сахиулах үйлсэд оруулж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний цэнхэр дуулгатнаар түүчээлсэн түүхийг бүтээж ирсэн олон зуун жилийн Монгол цэргийн үеийн үед дуурсагдах бахархалт гавьяат үйлсийг бүтээсэн байдаг.

Холбоотой мэдээ