Хот, тосгоны зөвлөлийн сонгуульд улс төрийн нам оролцохыг хориглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-03-03 17:38:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-аас Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг Үндсэн хуульд нийцүүлэхээр ажиллаж байна.


Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын ангилал тогтоож, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зарим эрх мэдэл, чиг үүргийг шилжүүлэх эрх зүйн үндэс бүрдсэн. Тиймээс 7 бүлэг, 83 зүйл бүхий Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулж буй юм. Уг хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий УИХ-ын ажлын баг өнөөдөр хуралдав. Хуулийн гол зорилт нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоны чиг үүрэг, эдийн засгийн үндэс, өөрийн удирдлага, үйл ажиллагааны зарчим, бүрэн эрх зохион байгуулалт, хот тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх болон бусад харилцааг зохицуулахад оршиж байгаа юм. Өмнөх хуульд хамгийн их давхцал, хийдлийг үүсгэж байсан чиг үүрэг, бүрэн эрхийн асуудлыг зохицуулж, улс болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны зааг ялгааг нарийвчлан тусгасан байна.



Тухайлбал, одоогийн байдлаар хот нь хуулиар тодорхойлсон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий тусгайлан олгогдсон эдэлбэр газартай, хот бүрдүүлэгч дэд бүтэц, эдийн засгийн чадавхтай, гэрээгээр шилжүүлсний дагуу засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг хэрэгжүүлэх нийтийн эрх зүйн этгээд (орон нутгийн корпораци) мөн. Харин тосгон нь өөрийн удирдлага бүхий, 2000-аас доошгүй байнгын оршин суугчтай, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, аялал жуулчлал, амралт, сувилал, тээвэр, худалдаа зэрэг салбарын аль нэг хөгжсөн, хотын зарим шинжийг агуулсан суурин газар (орон нутгийн корпораци) мөн гэж төсөлд тусгасан. Мөн хот, тосгоны өөрийн удирдлагын байгууллага нь оршин суугчдаас шууд, чөлөөтэй, саналаа нууцаар гаргах эрхийн үндсэн дээр сонгосон хот, тосгоны Зөвлөл байхаар төсөлд тусгасан. Таван жилийн хугацаанд бүрэн эрхээ хэрэгжүүлэх дээрх Зөвлөлийн гишүүнд улс төрийн нам оролцохгүй бөгөөд тосгонд 100-гаас доошгүй, хотод 500-гаас доошгүй оршин суугчийн дэмжлэг авсан иргэн хот, тосгоны Зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлэхээр төсөл тусгасан талаар танилцуулгадаа дурдав.  


Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга болон хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ё.Баатарбилэг, Д.Тогтохсүрэн нар саналаа хэллээ. УИХ-ын гишүүд эдэлбэр газар, хилийн цэс, хот, тосгоны хүн амын тоо, хөгжлийн төлөвлөлт, засаг захиргааны нэгж, хот тосгоны удирдлагын асуудлыг нягталж, нарийвчлан тусгах шаардлагатай байгааг онцолж байв.

Холбоотой мэдээ