БНСУ-аас ирж, буцах бүх нислэгийг зогсоолоо

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-02-24 16:52:47
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын онцгой комисс /УОК/ өнөөдөр хуралдаж, БНСУ-аас Монгол Улс руу ирэх Инчеон, Бусаны нислэг болон тус улс руу зорчих авиа компаниудын нислэгийг маргаашнаас эхлэн гуравдугаар сарын 2-ныг хүртэл түр зогсоохоор шийдвэрлэжээ.


БНСУ-д шинэ коронавирусээр халдварласан тохиолдол өглөөний 10.00 цагаас хойш 70-аар нэмэгдэж нийт 833-т хүрснийг тус улсын Халдварт өвчин судлалын төв 17.00 цагт мэдэгдсэн. Иймд БНСУ-аас Монгол Улсад ирэх агаарын тээвэр эрсдэлтэй гэж үзсэн тул дээрх шийдвэрийг гаргажээ. Ингэснээр, МИАТ, Asiana, Korean air компанийн долоо хоногийн 18 нислэг бүрэн цуцлагдав. Харин дамжин өнгөрөх тээврийг Инчеоны буудлаас зохицуулахаар болсныг ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан мэдээлэв. 


Нийт 3668 хүн БНСУ-аас ирэх, 2504 хүн тус улсад зорчих тасалбар захиалжээ. Эдгээр иргэний захиалсан тасалбарын төлбөрийг буцаан олгох аж. Эсвэл хорио цээр тавигдсаны дараа авсан тасалбараараа зорчих боломжоор хангахыг авиа компаниудад чиглэл болгожээ. 


Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар, шинэ коронавируст халдварын тохиолдол илрээгүй бөгөөд 134 сэжигтэй тохиолдлыг тусгаарлаад байна. Тодруулбал, Замын-Үүд боомтод 104, Дорнод аймагт 5, ХӨСҮТ-д 9 иргэнийг тусгаарласан талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээллийн үеэр тэмдэглэв. Тэрбээр, “Иран, БНСУ, Итали болон бусад оронд шинэ коронавируст халдварын ноцтой нөхцөл байдал үүсэж байгаатай холбогдуулан ДЭМБ-аас цар тахлын түвшинд хүрэхээс болгоомжилж  байна. Тиймээс Засгийн газар, УОК, яам, агентлаг зэрэг шат шатандаа холбогдох шийдвэрийг гаргаж байна. Халдвараас сэргийлэх хамгийн чухал, үр дүнтэй арга нь хөл хөдөлгөөнийг хязгаарлах юм" гэлээ. 


Шинэ коронавирусээр халдварласан байж болзошгүй шинж тэмдэг илэрсэн аль ч улсын иргэнийг ялгалгүй үнэ төлбөргүй оношилж, эмчилнэ гэж БНСУ-ын Ерөнхийлөгч  мэдэгдсэнийг онцлов.


Гэхдээ ЭМЯ, ГХЯ хамтран хилийн чанадад байгаа монгол иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах чиглэлд ажиллаж байгаагаа тэмдэглэв.

 


Бээжин, Сөүл, Токио зэрэг хотод Монгол Улсын дипломат төлөөлөгчид илүү цагаар жүжүүрлэн ажиллаж буйг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тодотгов. Ингэхдээ, онгоцны буудалд монгол иргэддээ мэдээлэл, сэрэмжлүүлэг хүргэж байгаа гэлээ. Мөн БНСУ-д нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан тус улсын Засгийн газартай холбоотой ажиллаж байгаагаа тэмдэглэв. Дээрх шийдвэрийг гаргахдаа БНСУ-ын талтай хэлэлцсэн байна. Тэрбээр, "Энэ өвчнийг даван туулахад улс орнууд нэгдсэн мэдээлэлтэй, нэг бодлого дүрэмтэй, уялдаатай ажиллах шаардлага гарч байна. Манай улсын иргэдийн эрх ашгийг хамгаалах, оношлох, эмчлэхэд төлбөр шаардахгүй гэдгийг БНСУ-ын тал мэдэгдсэн. Үл ойлголцох нөхцөл үүсгэхгүй байх тал дээр ажиллаж байна. Онгоцны буудал, авиа компанийн удирдлагуудад манай консулын ажилчдыг дэмжиж ажиллах хүсэлт өгсөн. Мөн шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллагаас дэмжлэг авах хүсэлтээ уламжлаад байна" хэмээв. 


БНСУ-д нийт 48 000 орчим монгол иргэн ажиллаж, сурч амьдарч байна. Хэрвээ хорио цээрийн эдгээр өдрүүдэд визийн хугацаа дуусч байгаа бол Солонгосын Засгийн газраас манай орны төдийгүй бусад улс орны иргэдэд 50 хүртэл хоногоор виз сунгана гэдгээ мэдэгдсэн байна.


Мэдээллийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, энэ сарын 24-ний 06.00 цагаас 27-ны 06.00 цаг хүртэл нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээг бүрэн зогсоосныг танилцууллаа. Энэ хугацаанд нийслэлээс зөвхөн тусгай үйлчилгээний автобус гарган төрийн үйлчилгээний албан хаагч нарт 8 чиглэлээр үйлчлэх аж. Харин тус автобусаар үйлчлүүлэх албан хаагчид ажлын үнэмлэхтэйгээ зорчих шаардлагатайг дуулгав. Тусгай үйлчилгээний автобус дараах чиглэлээр үйлчилнэ. Үүнд: 


  • Орбит-Сүхбаатарын талбай-Улиастай
  • Шархадны эмнэлэг-100 айл-Гэмтлийн эмнэлэг
  • Офицерын ордон-Саппоро
  • Чингэлтэй-Баянгол зочид буудал-Нисэх
  • Баруун салаа-21 хороолол-3-р эмнэлэг
  • Зүүн салаа-Баянхошуу-МУБИС
  • Офицерын ордон-Налайх дүүрэг
  • Бэлх-Дарь эх-ХӨҮСТ.

ДЭМБ-ын мэдээгээр, шинэ коронавирусээр 79 140 хүн халдварлаж,  2468 хүн нас барж, 23 094 хүн эдгэрсэн байна.

Холбоотой мэдээ