"Шивээхүрэн”-гээр 400 автомашин нүүрс тээвэрлэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-02-07 18:08:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан Улсын Онцгой комиссын “Шуурхай бүлэг” Өмнөговь аймгийн Гурвантэс сум дахь “Шивээхүрэн” хилийн боомтод ажиллаж байна.

“Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн дагуу Монгол, Хятадын хилийн Шивээхүрэн-Сэхээ боомтуудыг Хятадын хаврын баяраар буюу нэгдүгээр сарын 25-27-нд түр хааж, 28-наас цагийн хуваарийн дагуу ажиллаж байна. Түүнээс хойш 2 дугаар сарын 6-ныг хүртэл хоёр орны 1349 зорчигч, 843 тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлээд байна.

Нүүрс тээвэрлэлтийн 50 компани үйл ажиллагаа явуулдгаас өнөөдрийн байдлаар 16 компанийн 400 орчим автомашин нүүрс тээвэрлэж байна.

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор “Шивээхүрэн боомтод онц халдварт өвчин гарах үеийн ажиллагааны урьдчилсан төлөвлөгөө”-г шинэчлэн баталж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах үйл ажиллагааг тодотгосон. Боомтын нөхцөл байдал болон зорчигч, тээврийн хэрэгслийн хил нэвтэрсэн тухай мэдээг 2 цаг тутамд өгч, холбогдох арга хэмжээ авч байна.


Аймгийн Засаг дарга, Онцгой комиссоос шийдвэрлэсэн 10 сая төгрөгөөр халдвараас хамгаалах багаж хэрэгсэл, ариутгагч шингэн, биеийн дархлааг дэмжих витамин, шүүсээр алба хаагчдыг хангасан ч 2 хоногийн нөөцтэй байна. Иймд алба хаагчдын хамгаалах хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, тусгаарлах байрыг шийдвэрлэж өгөхийг “Шуурхай бүлэг”-т уламжиллаа гэж ОБЕГ-аас мэдээллээ.


Холбоотой мэдээ