Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Элчин сайд С.Чепурнойг хүлээн авч уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд С.Чепурнойг өнөөдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Монгол, Беларусийн улс төр, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Минск хотноо ЭСЯ нээх, дээд, өндөр түвшний айлчлал хэрэгжүүлэх болон 2020 онд хамтран зохион байгуулахаар төлөвлөж буй ажлуудын талаар санал солилцов. Элчин сайд С.Чепурной Монгол Улсын ЭСЯ-ыг Минск хотноо нээж, үйл ажиллагааг нь эхлүүлэхэд беларусийн тал бүх талаар дэмжихээ илэрхийллээ.
Мөн уулзалтаар “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газрын Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийн хүрээнд хөдөө аж ахуй, зам, тээвэр, хот байгуулалт, онцгой байдлын салбарт шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг нийлүүлэх ажлын талаар санал солилцов.