Гол, нууруудын мөс аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй, цөмрөх эрсдэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-01-15 10:30:33

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн гол, нууруудын мөсөн бүрхүүл тогтвортой бэхжээгүй учир хүн, мал, машин даалгүй цөмрөх эрсдэл үүсч болзошгүй байгааг аймгийн УЦУОШТ-өөс анхааруулж байна.

“Аймгийн гол, нууруудын мөсөн бүрхүүл тогтвортой бэхжээгүй байгаа бөгөөд Увс нуур 1,3 км мөсөн захтай, Хяргас нуур, Чигж, Хархираа, Баруунтуруун, Түргэн, Тэс, Боршоо, Намир, Хангилцаг, Хариг зэрэг голын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-15 см нэмэгдэж,13-53 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй, цөмрөх эрсдэлтэй байна. Иймээс цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг онцгойлон  анхааруулж байна” хэмээн УЦУОШТ-ийн инженер М.Отгонхүү хэллээ.

Энэ сарын дундуур ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч, Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 28-33 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 28-33 хэм хүйтэн байх аж. Энэ сард орох цасны хэмжээ нь ихэнх нутгаар дунджийн орчим, сарын сүүлээр зарим газраар цас орж, цасан шуурга шуурах юм байна. Энэ үеэр салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед нутгийн баруун хэсгээр түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй байгаа аж.

 

 

Холбоотой мэдээ