Тэтгэврийн зээлийг тэглэж, зээлгүй ахмадуудад үнэт цаас олгох болов

Монголын мэдээ | Тойм
ariunbold@montsame.mn
2020-01-13 08:32:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын улс төрд өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


Экологийн цагдаагийн алба байгуулна



Засгийн газрын энэ сарын 6-ны хуралдаанаар, Экологийн цагдаагийн алба байгуулах шийдвэр гаргасныг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мэдээлэв.


Сүүлийн хоёр жилд гэмт хэрэг 20 гаруй хувиар багассан ч байгаль орчны аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэхэд хүний нөөц дутмаг, ачаалал ихтэй байгааг цагдаагийн байгууллагаас учирладаг байна. Тиймээс цагдаагийн байгууллагын бүтцэд Экологийн цагдаагийн алба байгуулж эхний ээлжинд 10 аймгийн 100 гаруй суманд ажиллуулахаар шийдвэрлэжээ.


Тус алба нь байгаль орчин, тэр дундаа уул уурхайн олборлох ажилд хяналт тавьж, экологийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллах аж. Нийт 170 гаруй хүний орон тоо нэмэгдэх бөгөөд 2020 оны улсын төсөвт үүнд зарцуулах төсвийг тооцож суулгасан гэдгийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж тодотголоо.  Тэрбээр, “Эхний ээлжинд байгуулагдсан нэгжийн ажлын үр дүнг нь тооцож бусад аймгуудад нэмж байгуулах эсэхийг шийднэ. Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай гэж Засгийн газар үзсэн. Тиймээс энэ албыг шинээр байгуулах суурийг тавилаа” хэмээв. Мөн тэрээр, сэтгүүлчийн асуултад хариулахдаа, “БОАЖЯ-ны харьяанд байдаг байгаль орчны Байцаагч нар нь хуучин бүтцээрээ ажиллана. Гэхдээ цаашид зарим хэсгийг нь Экологийн цагдаагийн албанд татах шийдэл гарахыг үгүйсгэхгүй. Өнөөдөр ийм шийдвэр гараагүй ч шаардлага бол бий” гэлээ.


Тэтгэврийн зээлийг тэглэх хуулийг батлав



УИХ-ын чуулганы энэ сарын 10-ны хуралдаанаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг батлав.


Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийн өрийг нэг удаа тэглэх зөвлөмж гаргаж, Засгийн газарт чиглэл өгсний дагуу Салхитын мөнгө, алтны ордын орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргаж, уг асуудлыг шийдвэрлэх хуулийн төслийг боловсруулжээ. Нийгмийн даатгалын сангаас 2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 422.9 мянган иргэн тэтгэвэр авч буй аж. Үүний 54.5 хувь буюу 228.6 мянга нь 757.6 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа юм.


Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр зээл аваагүй 194 мянган иргэнд Салхитын мөнгөний ордын орлогоос нэг сая төгрөгийн үнэт цаас олгох, үнэт цаасыг 2021 оны тавдугаар сарын 1-нд гаргах зэрэг заалт нэмэх болсон. Түүнчлэн тэтгэвэр барьцаалсан зээл төлөх дээд хэмжээг 6 сая төгрөгөөр хязгаарлах, нэг сая төгрөгөөс доош зээлтэй ахмадуудад зөрүү төлбөрт ногдох үнэт цаас олгох, ахмадууд жилд нэг удаа зургаан сарын тэтгэврийн зээл авах эрхтэй байх зэрэг заалт нэмсэн юм.

 

Харин эцсийн хэлэлцүүлгийн үеэр “Эрдэнэс Монгол” ХХК өөрийн охин компанийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордын төрд ногдох орлогыг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн тодорхой хэсгийг төлнө” гэж өөрчлөн найруулах санал гаргав. Мөн 4.2 дахь хэсгийг “Нас барсан иргэний тэтгэвэр барьцаалсан зээл 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр үлдэгдэлтэй бол энэ хуулийн үйлчлэлд хамрагдана” гэж, 6.2 дахь хэсгийг “Банк нь тэтгэвэр авагчтай зээлийн үлдэгдэл төлбөрийн тооцоог баталгаажуулан нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ” гэж, 7.1 дэх хэсгийг “Энэ хуулийн хэрэгжилтийг Монгол Улсын Засгийн газар 2020 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан Улсын Их Хуралд танилцуулна” гэж өөрчлөх санал гаргасныг чуулганд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Улмаар уг хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 79.5 хувь дэмжиж, батлав.


Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулна



Засгийн газрын энэ сарын 6-ны хуралдаанд Нийслэлийн зүүн бүсэд жилд 600 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулах талаар сайд Ц.Даваасүрэн танилцуулав.


Үйлдвэрийг Баянзүрх дүүрэгт барих бөгөөд барилга байгууламж, дэд бүтэц, машин механизм, тоног төхөөрөмж зэрэгт шаардлагатай хөрөнгийг “Эрдэнэс Тавантолгой” компани гаргах юм. Найман шугамтай энэ үйлдвэр сард 52.8 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэнэ. Барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхэлж, эхний ээлжийг зургаадугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Үйлдвэр наймдугаар сарын 15-наас бүрэн хүчин чадлаараа ажиллах бөгөөд ондоо багтаан 303 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх юм.


Ахмадуудад олгох үнэт цаасыг өвлүүлж болно



УИХ-ын чуулганы энэ сарын 10-ны нэгдсэн хуралдаанаар Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл болон Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах арга хэмжээний тухай тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлав.


Үүний өмнө Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг баталсан юм. Уг хуулийг хэрэгжүүлэх, хууль хоорондын уялдаа холбоог боловсронгуй болгох зорилгоор дээрх хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөлд зээлгүй ахмадуудад нэг сая төгрөгийн дүн бүхий үнэт цаас олгох, уг үнэт цаасыг эзэмшиж байсан иргэн нас барсан тохиолдолд гэр бүлд нь өвлүүлдэг байх зэрэг зохицуулалтыг тусгасан байна.


Харин Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөлд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн үйл ажиллагааг сайжруулах замаар орлогыг нэмэх, шаардлагатай бол аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгахаар тусгажээ.


УИХ-ын Эдийн засгийн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан хуралдаанаас уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах санал ирүүлснийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 62.8 хувь дэмжиж, батлав.


Согтууруулах ундаа үйлдвэрлэх 14 аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг хүчингүй болгов



Засгийн газрын энэ сарын 6-ны хуралдаанаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны санал, дүгнэлтийг үндэслэн 14 аж ахуйн нэгжийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.

Үүнд:

- Улаанбаатар. Баянгол дүүрэг  “Тэргүүн трейд” ХХК    Спирт

- Баян-Өлгий аймаг  “Азык” ХХК  Архи

- Дархан-Уул  аймаг  “Дарханмоунтайнс” ХХК  Архи

- Төв аймаг  “Хүнс төв” ХХК  Архи

- Сэлэнгэ аймаг  “Сэлэнгэ шим” ХХК  Архи

- Улаанбаатар. Баянгол дүүрэг  “Бенедакт” ХХК  Архи

- Улаанбаатар. Баянгол дүүрэг  “Трансинкосульт” ХХК  Архи

- Улаанбаатар. Баянгол дүүрэг  “Энигма” ХХК  Архи

- Говь-Алтай аймаг  “Ентүм” ХХК  Архи

- Улаанбаатар. Баянгол дүүрэг  “Түшиг тулга трейд” ХХК  Архи

- Улаанбаатар. Баянгол дүүрэг  “Ази инвестмент капитал групп” ХХК   Шар айраг

- Улаанбаатар. Чингэлтэй дүүрэг  “Мини макро” ХХК    Шар айраг

- Улаанбаатар. Хан-Уул дүүрэг  “Интер стандарт брьюри” ХХК Шар айраг

- Завхан аймаг  “Завхан баялаг” ХХК Шар айраг


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран 2019 оны 03 дугаар сарын 15-наас 04 дүгээр сарын 25-ны хооронд шалгалт хийсэн байна. Үйл ажиллагаа явуулаагүй, үйлдвэрийн зориулалтын байргүй, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага зөрчсөн, тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгаагүй, тусгай зөвшөөрлөө хүчингүй болгох хүсэлт гаргасан зэрэг үндэслэлээр дээрх шийдвэрийг гаргалаа. Мөн хүсэлтийг нь харгалзан “Мөнх болор” ХХК-ийн Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт шар айраг үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, Баянгол дүүрэгт үйлдвэрлэх зөвшөөрөл олгов.


Хөөн хэлэлцэх хугацаа дууссан авлигын гэмт хэргийг сэргээн шалгах хуулийг батлав



УИХ-ын чуулганы энэ сарын 10-ны хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг анхны хэлэлцүүлгээр батлав.


Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох зохицуулалтыг өөрчилж байгаа юм. Тиймээс мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд байгаа хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох талаар тодорхойгүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, бусдад ял завшуулахгүй байх зорилгоор хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон авлига, албан тушаалын гэмт хэргийг дахин шалгах шаардлагыг харгалзан дээрх хуулийн төслийг боловсруулан, батлуулах нь зүйтэй хэмээн Хууль зүйн байнгын хороо үзсэн байна.


Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэн 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр мөрдөн байцаалтын шатанд 2018 онд 4 хэрэг, 2019 онд 9 хэргийг хэрэгсэхгүй болжээ. Монгол Улсын нэгдсэн олон улсын гэрээ, конвенциудад авлига, албан тушаал урвуулан ашигласан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтууд бий. Тухайлбал, 2005 онд нэгдсэн НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн 29 дүгээр зүйл буюу “Хөөн хэлэлцэх хугацаа”-ны талаар зохицуулалтад “Оролцогч улс бүр энэхүү конвенцийн дагуу тогтоосон аливаа гэмт хэрэгт хэрэг үүсгэх хөөн хэлэлцэх хугацааг уртаар тогтоож, сэжигтэн этгээд шүүн таслах ажиллагаанаас зайлсхийсэн бол хөөн хэлэлцэх хугацааг илүү уртаар тогтоох буюу хөөн хэлэлцэх хугацааг түдгэлзүүлэхээр дотоодын хууль тогтоомжийнхоо дагуу зохих тохиолдолд заана” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, шүүхээр шийдээгүй хэргүүдийг сэргээн шалгах агуулга бүхий төсөл гэдгийг Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар тайлбарласан. Уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах саналыг Хууль зүйн байнгын хороо гаргасныг чуулганд оролцсон гишүүдийн 60 хувь дэмжиж, батлав.


АИ92 шатахууны үнийг тогтвортой байлгах эрсдэлийн сан байгуулна



Засгийн газрын энэ сарын 8-ны ээлжит хуралдаанаар АИ-92 шатахууны үнийг тогтвортой байлгах үүднээс эрсдэлийн сан /Hedge Fund/ байгуулахаар шийдвэрлэв.


АИ-92 шатахууны үнийг тогтворжуулах нь дараах үндсэн ач холбогдолтой. Үүнд:


1. Ард иргэдийн нийтлэг хэрэглээний суурь бүтээгдэхүүн болох АИ-92 шатахууны үнийг тогтворжуулах нь нийт эдийн засагт эерэг уур амьсгал бүрдүүлэх бөгөөд эдийн засгийн өсөлтийг дэмжих, бусад бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг зогсоох үндсэн ач холбогдолтой билээ

2. Монгол Улс анх удаа дэлхийн зах зээлтэй уялдуулан импортын шатахууны үнийг тогтворжуулах механизмыг нэвтрүүлнэ

3. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Шатахууны үнийг дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулан үнийн дарамтыг бууруулна” гэсэн нь хэрэгжих боломжтой болж байна Энэхүү зохицуулалтыг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс аливаа санхүүжилт шаардагдахгүй бөгөөд түлш, шатахууны импортлогч компаниудын гадаад улстай хийсэн аливаа гэрээ хэлцэлд өөрчлөлт орохгүй юм.

Холбоотой мэдээ