Энэ онд Хэрлэн суманд 34,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийнэ

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2020-01-12 12:24:50

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбат шинэ оны эхний ажлаа багийн иргэдийн нийтийн хурлыг зохион байгуулахаас эхлүүлж байна.


Энэ үеэрээ 2019 оны аймаг, сум, багийн Засаг даргын үйл ажиллагааны тайланг иргэддээ хүргэхээс гадна 2020 онд хийх ажлын талаар мэдээлэл өгч санал солилцсон юм. Өнөөдөр Хэрлэн сумын гурав, дөрөвдүгээр багийн иргэдтэй уулзалт хийлээ. Өнгөрсөн оныг "Иргэдийн оролцоог дэмжиж жил" болгон зарлаж, олон үйл ажиллагаа зохион байгуулснаас хойш  иргэд багийн хуралдаа урьд өмнөхөөсөө харьцангуй идэвхтэй хамрагддаг болсныг зохион байгуулагчид хэлж байлаа.


Хуралд оролцогч иргэдийн хандлагаас харахад хувийн чанартай гэхээс илүүтэйгээр нийтийн эрх ашгийн төлөөх саналуудыг түлхүү илэрхийлж байв. Тухайлбал, гудамж талбайд хог хаягдал хаях, гэр хорооллын айлууд гудамж руу илүүдэл усаа асгах нь орчны эрүүл ахуйд сөргөөр нөлөөлж байна гэлээ. Мөн орон сууцны айл өрхүүд олон нийтийн ажилд идэвх муутай оролцохын зэрэгцээ багийн хэсгийн ахлагч нарыг очиход хүнгүй байх, эсвэл хаалгаа тайлж өгөхгүй байх зэрэг асуудлуудыг ярив.

2020 онд автозамын ажлууд үргэлжлэхээс гадна сумын хэмжээнд 34,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болсон байна. Уулзалтын төгсгөлд Хэнтий аймаг дахь Цагдаагийн газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн мэдээлэл өглөө. Маргааш бусад багт багийн Иргэдийн нийтийн хурлууд болно.

Холбоотой мэдээ