Хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр Финланд тэргүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-04-20 17:06:56

НЬЮ-ЙОРК. /AP/. Эрх баригчид болон хувийн хэвшлийнхний зүгээс сэтгүүлчдэд дарамт шахалт үзүүлэх явдал дэлхий даяар улам ихэссэн тухай “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллагын бэлтгэн гаргасан 2016 оны хэвлэлийн эрх чөлөөний индексийн талаарх мэдээлэлд дурджээ.

Хэвлэлийн эрх чөлөөний байдлаар хамгийн эрх чөлөөтэй таван орны тоонд Финланд, Нидерланд, Норвеги, Дани болон Шинэ Зеланд орсон байна. Финланд Улс уг жагсаалтыг 2010 оноос хойш тэргүүлж байгаа юм.

Хэвлэлийн эрх чөлөөний индексээр хамгийн доогуур үзүүлэлттэй 18 орны тоонд Азербайжан /163 дугаарт/, Иран /169/, Саудын Арави /165/, Хятад /176/, Сири /177/ зэрэг улс оржээ.

ОХУ-ын хувьд хэвлэлийн эрх чөлөө хүнд байдалтай байгааг “Хил хязгааргүй сурвалжлагчид” дурджээ. Тус улс дээрх жагсаалтад 148 дугаарт бичигдсэн байна.

Монгол Улсын хувьд өнгөрсөн оныхоос 6 байраар ухарч жагсаалтын 60 дугаарт оржээ. Өнгөрсөн онд манай улс 54 дүгээрт бичигдэж байсан юм.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ