Өрхийн эмнэлгүүдэд шээсний шинжилгээний хурдавчилсан төхөөрөмж гардуулав

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2015-09-22 15:12:28

Нийслэлийн 142 Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдэд өнөөдөр 1.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий анхан шатны үзлэг оношилгоо хийх шээсний орчин үеийн хурдавчилсан оношлуур, тоног төхөөрөмжийг гардууллаа.

Энэхүү тоног төхөөрөмжийг Нийслэлийн Эрүүл мэндийн газар, БНСУ-ын "Руйсанса" корпорацийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй “Иргэдийн Эрүүл мэндийг сайжруулах” төслийн хүрээнд хүлээлгэн өгч буй юм.

Шээсний шинжилгээгээр дамжуулан 10 гаруй үзүүлэлтээр шинжилгээний хариуг богино хугацаанд багцалж гаргах хүчин чадалтай.

НЭМГ-ын дарга Ш.Энхбат хэлэхдээ, “Хурдавчилсан оношлуур, тоног төхөөрөмжийг ирэх сарын 1-нээс ашиглаж эхэлнэ. Гурван жилийн хэрэгцээний оношлуурыг өгсөн учраас эхний ээлжинд үнэгүй шинжилгээ авахаар төлөвлөж байна. Иргэдэд хамгийн ойр байдаг өрхийн эмнэлэгт энэ тоног төхөөрөмжийг нийлүүлснээр хоёрдугаар шатлалын эмнэлгүүдийн ачааллыг бууруулахаас гадна иргэд эрүүл мэндийн үйлчилгээг ойроос авах боломж бүрдэж байна” гэв.

Төслийн хүрээнд шээсний шинжилгээний хариуг боловсруулах, хадгалах, дамжуулах вэб сайтыг ашиглалтад оруулахаар бэлтгэж байгаа аж. Ингэснээр иргэд гар утас, интернетээр дамжуулан үзлэг оношилгооны хариугаа авах, хянах , эмчийн зөвлөгөөг харах боломжтой болох юм.

Ж.Болор

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд