УИХ-ын сонгуулийг томсгосон мажоритар тогтолцоогоор явуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-12-16 14:32:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцээд, сонгуулийн тогтолцотой холбоотой заалтыг өөрчлөх нь зөв хэмээн үзжээ.


УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын гишүүний өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ сарын 12-нд хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж дэмжсэн. Уг хуулийн төсөлд УИХ-ын сонгуулийг том, жижиг тойрог хосолсон мажоритар тогтолцоогоор зохион байгуулахаар тусгасан. Ингэхдээ 50+26 буюу 50 гишүүн нь жижиг тойргийн сонгогчдоос шууд санал авах, 26 нь том тойрог буюу Монгол Улсын нийт иргэнээс санал авч сонгогдохоор тусгасан. Энэ нь Үндсэн хуульд болон бусад хуультай зөрчилдөх магадлалтай хэмээн үзсэнийг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэв.


Тэрбээр, “Дээрх тогтолцоог сонгосноор улс төрчид намын нэрийн ард нуугдаж УИХ-ын гишүүн болдог өмнөх сонгуулиудтай адилхан байна хэмээн иргэд шүүмжилж байгаа. Тиймээс 1992, 2008, 2012 онд хэрэглэж байсан олон мандаттай, томсгосон тойрогтой мажоритар тогтолцоог сонгох нь зөв юм” гэлээ.

Холбоотой мэдээ