Халаалтын 11 уурын зуухны янданд утаа шүүгч байхгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-12-04 15:25:27

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Эрдэнэбулган суманд үйл ажиллагаа явуулж буй “Эх голомтын илч” ХХК-ийн харьяа алаалтын 11 зуухны үйл ажиллагаанд байгаль орчин, дэд бүтэц, хөдөлмөрийн хяналтын чиглэлээр төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг аймгийн Онцгой байдлын газартай хамтран хийжээ. 

Хяналт шалгалтаар халаалтын 11 уурын зуухны янданд утаа шүүгч байхгүй, 2 уурын зуух нь үнс баригчтай, 2019 онд байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулсан боловч хэрэгжилтийг тайлагнаагүй байжээ. Мөн уурын зуухнуудын 8-д нь барилга байгууламж, ажлын байранд засвар хийгээгүй, 9 зуух байгалийн гэрэлтүүлэггүй, цонхыг хааж битүүлсэн,10 зуухны ажлын байр нь агааржуулалт багатай, тоос ихтэй байжээ. Ажиллагсдын нийгмийн даатгалын дэвтрийн бичилт баталгаажуулалт хангалтгүй, хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг зохих орон тоонд ажиллуулаагүй, ажиллуулбал зохих орон тоо тутамд сар бүр төлөх төлбөрийг төлөөгүй зэрэг 17 зөрчил, дутагдал илэрсэн байна.

Илэрсэн зөрчил дутагдалд нийт 3.0 сая төгрөгийн шийтгэл, 960.0 мянган төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж, улсын байцаагчийн албан шаардлагаар 24 заалт бүхий хугацаатай үүрэг даалгавар өгч ажиллажээ.

Холбоотой мэдээ