Н.Түмэннасан: Иргэд хуулийн дагуу бизнес эрхлэгчээс төлбөрийн баримтаа нэхэх эрхтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-04-15 14:36:12

НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхлээд 4 сар гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хууль Увс аймагт хэрхэн хэрэгжиж байгаа талаар Татварын хэлтсийн дарга Н.Түмэннасангаас тодрууллаа.

-НӨАТ-ын тухай хууль Увс аймагт хэрхэн хэрэгжиж байна вэ?

-Аймгийн Татварын хэлтсээс НӨАТ-ын хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр төлөвлөгөө гарган ажиллаж, татварын улсын байцаагчид чиглэл, удирдамжийн дагуу хуулийг ард иргэдэд тайлбарлан таниулах, ойлгуулах, сурталчлах ажлуудыг хийсэн. Эхний 4 сарын байдлаар аймгийн хэмжээнд 135 цэг манай ebarimt.mn сайтад холбогдож, иргэдэд төлбөрийн баримт хэвлэж өгөх буюу е-мэйл хаягаар илгээх үйлчилгээ үзүүлж, 8000 гаруй баримт хэвлэж өгсөн байна. Мөн 30 гаруй албан газрын 1000 гаруй албан хаагч, 450 гаруй бизнес эрхлэгч, иргэдэд сургалт сурталчилгаа хийсэн. Тэрчлэн сумдын татвар төлөгчдөд зориулсан сургалтыг ч хийсэн. Сургалт сурталчилгаа, зөвлөгөө өгөх ажил тасралтгүй хийгдэж байна. Эхний 4 сарын байдлаар иргэдэд 8000 гаруй төлбөрийн баримт хэвлэж өгсөн нь бусад аймаг, улсын дундажтай харьцуулбал доогуур байгаа. Бизнес эрхлэгчид маань төлбөрийн баримт хэвлэж өгөх,иргэд баримтаа нэхэж авах талдаа лаь аль нь санаачилга муутай байна. Иймээс сүүлийн үед иргэдэд түлхүү сурталчилгаа хийхэд анхаарч байгаа.   

-Энэ хуулийг бодитой, үр дүнтэй хэрэгжүүлэхэд ард иргэдийн зүгээс болоод бизнес эрхлэгчдийн зүгээс анхаарах ямар асуудал байна. Бэрхшээлтэй зүйлүүд мэдээж байгаа байх. Тэдгээрийг хэрхэн яаж шийдвэрлэж байгаа вэ?

-Мэдээж бэрхшээлтэй асуудлууд гарч байгаа. Бизнес эрхлэгчдэд төлбөрийн баримт хэвлэж өгөх кассын машин, программ хангамж, интернет орчныг бүрдүүлэхэд цаг хугацааны болон санхүүгийн бэрхшээл тулгарч байгаа. Хуулийг хэрэгжүүлэх үүргээ сайн ухамсарлаж, хамгийн түрүүнд аймгийн төвийн ШТС-ууд, гар утасны операторууд энэ асуудлаа шийдвэрлэж, баримт хэвлэж эхэлсэн. Өнгөрсөн 2-р сараас томоохон хүнсний дэлгүүр, бөөний төвүүд, эмийн сангууд, зочид буудал, ресторанууд гэх мэт 66 цэг кассын машин, программ хангамж авсан. Цаашид жижиг бизнес эрхлэгчид  өөрсдийн ажил үйлчилгээний нэр төрөл, онцлог, үйлчлүүлэгчдийн тоо, ачаалал, нөхцөлтэй тохируулсан тоног төхөөрөмж авч, иргэдэд төлбөрийн баримт хэвлэж өгөх талаар бид зөвлөгөө өгөөд ажиллаж байна. Мөн зарим аж ахуйн нэгжүүдээс НӨАТ-ын падаанаа авч, хасалтаа эдэлж чадахгүй байгаа бэрхшээл гарсан. Үүнийг холбогдох аж ахуйн нэгж бүртэй нь холбогдож, ярьж байна.

Ер нь энэ хуулийн ач холбогдлыг сайн ойлговол дээрх бэрхшээл, асуудлуудыг бид  заавал шийдвэрлэх ёстой. Бэрхшээл, асуудал нэрийн дор татвар ногдох орлогоо ил болгохгүй байх, нуун дарагдуулах оролдлого байгааг ч үгүйсгэхгүй.                 

-Сумдад сугалааны баримт өгөх явдал хэр түгээмэл байна?

-Сумдад ШТС-ууд, эмийн сангууд өгч эхэлж байгаа. Бөхмөрөн, Ховд, Наранбулаг, Малчин сумын зарим хүнсний дэлгүүрүүд программ хангамж, тоног төхөөрөмжөө авч,  төлбөрийн баримт олгож эхэлсэн. Бизнес эрхлэгчдэд сургалт зохион байгуулж, албан  шаардлага, мэдэгдлээ хүргүүлсэн байгаа. Хуулийг жигд хэрэгжүүлэх үүднээс бүх сумдад энэ асуудлыг шийдвэрлэнэ.   

-Сар бүр сугалааны тохирол явагдаж байгаа. Тэгэхээр одоогоор Увс аймгаас нийтдээ хэчнээн азтан тодроод байна вэ?

-Энэ сарын 10-ны байдлаар 8 удаагийн тохирол явагдаж, манай аймгаас 79 иргэн азтан болсон. Энэ тоог аймаг, улсын дундажтай харьцуулахад бас бага байгаа. Тиймээс манай бизнес эрхлэгчид орон нутгийнхаа иргэдийн хуулиар олгосон эрхээ  эдлэх нөхцлийг бүрдүүлэхэд санаачлагатай байхыг хүсэж байна. Уг нь кассын машин, программ хангамж авсан татвар төлөгчийн тоогоор улсад тэргүүн байранд байгаа. Манай бизнес эрхлэгчид үүнийгээ маркетингийн хувьд давуу тал болгож ашиглах хэрэгтэй.

-Азтангууд сугалааны хонжвороо хэдийд авах вэ? Мөн татварын буцаан олголтыг хэзээ тооцож олгох юм бол?

-Сугалаанд хожсон азтан маань тохирол явагдсан өдрөөс хойш 90 хоногийн дотор сугалаагаа хүлээн зөвшөөрч хүсэлтээ баталгаажуулах ёстой. Хүсэлт гаргаснаас хойш ажлын 20 өдөрт багтаан азтаны баталгаажуулсан дансанд сугалааны тохирлыг шилжүүлнэ. Сугалааны тохирлын урамшууллын хэмжээ 500 мянган төгрөг хүртэл бол нэгдсэн системийн хэрэглэгчийн хэсэгт сугалааны тохирлын урамшуулал авах хүсэлтээ бүртгүүлнэ. Харин 500 мянган төгрөг буюу түүнээс дээш бол харьяалах татварын албанд биеэр очиж, холбогдох сугалааны тасалбар, иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичгийг хүсэлтийн хамт гаргаж өгнө. 

НӨАТ-ын урамшууллын буцаан олголтын хувьд холбогдох журамд заасны дагуу  Татварын алба нь тухайн жилийн буцаан олголтын дүнг дараа жилийн эхний сарын 15-ны дотор татвар төлөгч бүрээр нэгдсэн системээс баталгаажуулан хянаж буцаан олгуулах саналын хамт ГТЕГ-т хүргүүлэх юм. Харин ГТЕГ нь холбогдох байгууллагуудад мэдээллийг хүргүүлсний дагуу улсын төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлттэй уялдуулан Төрийн сангаас татварын буцаан олголтыг өгөх юм.

ахууд болон хүнсний дэлгүүрүүд хэзээнээс баримт өгч эхлэх вэ?

-Ер нь бол хууль хэрэгжээд эхэлсэн болохоор бизнес эрхэлж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүд маань хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хүндэтгэн баримт хэвлэж өгч сугалаа урамшуулалд хамрагдах боломжийг бүрдүүлэх шаардлагатай байна. Улаангом сумын хувьд борлуулалт ихтэй буюу хэрэглэгч ихтэй дэлгүүр, бөөний төвүүдэд кассын машин тавиулсан. Одоо зах дээр худалдаа эрхлэгч иргэдийг хамруулахаар хугацаатай албан шаардлага хүргүүлж захын түрээслүүлэгчдийг түрээслэгч нартаа цахим орчин бий болгож, баримт хэвлэж өгөх орчин нөхцлийг хангуулах талаар албан шаардлага хүргүүлэн ажиллаж байна. Ирэх сарын 1 гэхэд баримт хэвлэдэг болгох зорилт тавин ажиллаж байна.

-Баримт хэвлэж өгөхгүй байгаа дэлгүүр хоршоодод ямар хариуцлага тоооцох вэ?

-Татварын ерөнхий хуулийн 18.1.8-д "Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин, хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машин хэрэглэх" үүрэгтэй болохыг заасан байгаа. Энэ заалтыг зөрчсөн бол "...хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний, эсхүл түүнийг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох" хариуцлага хүлээлгэдэг. Мөн хэрэглэгчдэд баримт хэвлэж өгөхгүй байгаа бол "тайлант хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн хоёр хувиар, баримт хэвлэж өгөхдөө үнийн дүнг зөрүүтэй хэвлэсэн бол 20 хувиар тус тус торгох" хариуцлага ногдуулна. Тэрчлэн согтууруулах ундаа зарж буй найман нэрийн барааны дэлгүүрт тавих шаардлагад нь нэмж заалт оруулсан зэрэг арга хэмжээ авсан байгаа. Одоогийн байдлаар иргэдээс ирсэн гомдлын дагуу зөрчлийг тухай бүрт нь арилгуулах албан шаардлагыг хүргүүлж байна. Удаа дараа зөрчлийг давтан гаргаж  байгаа бизнес эрхлэгчдэд дээрх хуулийн хариуцлага хүлээлгэхээс өөр аргагүй.

-Сүүлчийн хоромыг танд үлдээе?

-Шинэчлэн найруулсан НӨАТ-ын хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх бүх ажил, үйлчилгээ, хөрөнгийг үнэн зөв бүртгэлжүүлэн, ил тод болгох зорилготой байгаа. Энэ нь иргэн, төр, бизнес эрхлэгч гэсэн гурван талын оролцоо, ашиг сонирхлын нэгдэл дээр тулгуурласан. Мөн татварын буцаан олголт илүү өргөн хүрээнд үйлчилж, иргэн бүр хамрагдах боломжийг хуулиар олгосон. Ийм учраас иргэд хуулиар олгосон эрхийн дагуу бизнес эрхлэгчээс төлбөрийн баримт нэхэх эрхтэй. Энэхүү эрхийг эдлэх боломж нөхцлийг бизнес эрхлэгчид маань хангах үүрэгтэй. Ер нь томоор харвал энэ хуулийн  агуулга, ач холбогдол нь хамаагүй илүү гэдгийг бүх хүмүүс мэдэж байгаа гэж бодож байна.

-Танд баярлалаа.

                 Увс аймаг Б.Батхүү

 

 

 

Холбоотой мэдээ