Элэгний архаг вирүст хепатитын дэлхий дахины эмчилгээний удирдамжтай танилцав

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2015-09-21 18:47:20

ЭМСЯ, ХӨСҮТ АНУ-ын GLead Sciences компанитай хамтран “Вирүст хепатитын оношилгоо, эмчилгээ 2015” сэдэвт олон улсын давтан сургалт зохион байгууллаа.

Сургалтад ЭМСЯ-ны халдвар, нян судлалын ерөнхий мэргэжилтэн академич П.Нямдаваа, дотрын ерөнхий мэргэжилтэн С.Наранцэцэг тэргүүтэй эрдэмтэн эмч, багш нар лекц уншив. Мөн Лондонгийн их сургуулийн профессор, Европын элэг судлалын нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн Боловсролын зөвлөх Жефри Душейко, АНУ-ын Калифорни дахь Станфордын их сургуулийн элэг судлалын тэнхимийн эрхлэгч, вирүст хепатит ба элэгний хавдрын эмчилгээний чиглэлээр эмнэлзүйн судалгаа хөтөлбөрүүдийг удирддаг дэд профессор Миндие Х Нгуеэн нар илтгэл тависан юм.

Түүнчлэн Итали улсын Ториногийн их сургуулийн профессор Марио Ризетто, Хонконгийн их сургуулийн дэд декан, Мари хатан хааны эмнэлгийн доктор, профессор Ман Фун Иен нар элэгний архаг вирүст хепатитын дэлхий дахины эмчилгээний удирдамж болон урт хугацааны ач холбогдол, эрт илрүүлэг, өвчтөнийг үнэлэх, эмийн сонголт, эмчилгээний хяналт, тохирох эмчилгээний сонголт, хяналт оношилгоо болон өнөөгийн эмчилгээний талаар чухал ач холбогдолтой сэдвүүдээр илтгэл хичээл заав.

Энэ удаагийн сургалтад ХӨСҮТ, Улсын I, II, III  төв эмнэлэг, 21 аймаг, есөн дүүргийн нэгдсэн эмнэлэг, АШУҮИС, Сонгдо, Интермед, Грандмед, Интерферон альфа зэрэг томоохон хувийн хэвшлийн эмнэлгийн гастроэнтерологи, халдвартын 130 гаруй эмч нар хамарч мэдлэг мэргэжлээ дээшлүүлэв.

Ж.Болор

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд