ТЕГ: Зохион байгуулалттай цахим гэмт хэрэгт холбогдуулан БНХАУ-ын 800 иргэнийг шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2019-10-30 15:34:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад жуулчны болон бизнесийн визээр орж ирж амьдарч байхдаа зохион байгуулалттай цахим гэмт хэрэг үйлдэж байсан байж магадгүй БНХАУ-ын 800 орчим иргэнийг энэ сарын 29-30-нд шилжих шөнө хууль, хүчний байгууллагууд саатуулан шалгаж эхэлсэн тухай асуудлыг өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн юм.


Энэ талаар Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл “ТЕГ болон ЦЕГ-аас БНХАУ-ын иргэд Монгол Улсад зохион байгуулалттайгаар хэсэг бүлгээрээ орж ирэн цахим сүлжээнд ажиллаж эхэлсэн хэргийг энэ оны наймдугаар сараас эхлэн шалгасан. Наймдугаар сараас эхлэн жуулчны визээр 20, 30-аараа цувж орж ирсэн 800 хүн тоглоом болон бусад аргаар мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн үзэж шалгаж байна. Эдгээр иргэн Улаанбаатар хотын таван зочид буудалд буусан бөгөөд одоогоор буудлууддаа байрлаж байгаа. Уг хэргийг БНХАУ-ын дөрөв, Монголын нэг иргэн удирдан зохион байгуулсан хэмээн үзэж саатуулан байцааж байна. Энэ хэрэг ТЕГ болон ЦЕГ-ын хяналтад байсан, одоо ч байгаа. Хоёр байгууллагын хамтарсан ажлын баг өргөн хүрээтэй шалгах ажиллагааг эхлүүлж, эрчимтэй үргэлжлүүлж байна. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам бидэнтэй хамтран ажиллана гэдгээ мэдэгдсэн. Дээрх 800 иргэн жуулчны визээр Монголд орж ирээд хөдөлмөр эрхэлсэн нь албадан нутаг буцаах үндэслэл болно. Тиймээс БНХАУ-ын Элчин сайдын яамтай хамтран нутаг буцаах асуудлыг шийдвэрлэнэ” хэмээв.



Дээрх иргэд 1000 орчим компьютер, 10 мянга орчим гар утасны сим карт ашиглаж байсныг ажиллагааны явцад илрүүлжээ. Энэ талаар ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав “Эдгээр иргэд одоогоор байрлаж байсан буудлууддаа байгаа. Тэдний виз болон хураагдсан компьютер, гар утас, сим карт зэргийг шалгаж байна. Байрлаж байсан буудлууд болон үүрэн телефоны операторуудыг мөн шалгана. Энэ хэргийг зохион байгуулагчдаас бусад иргэнийг нутаг буцаана” гэсэн юм.

Холбоотой мэдээ