Зарим иргэдийн тэтгэврийг нэмэхэд 12.7 тэрбум төгрөг зарцуулна

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-10-24 11:08:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг хийв.


Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав боловсруулжээ. 1991 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдсөн Тэтгэврийн хуулиар төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 нас хүртэл нь өсгөж хүмүүжүүлсэн, улсад 15-аас доошгүй жил ажилласан, 50 насанд хүрсэн эмэгтэйд хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоожээ. Мөн төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 нас хүртэл нь өсгөж хүмүүжүүлсэн, 20-иос доошгүй жил ажилласан эмэгтэй, 27-оос дээш жил ажилласан эмэгтэйг нас харгалзахгүйгээр, 32-оос дээш жил ажилласан, 55 насанд хүрсэн эрэгтэйд хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоосон байна. Дээрх хуулийн зохицуулалтаар 132.4 мянган хүн наснаасаа эрт тэтгэвэр тогтоолгожээ. Улмаар 1997 оны нэгдүгээр сарын 16-ны УИХ-ын “Хүн амын нийгмийн хамгааллын талаар авах арга хэмжээний тухай” 5 дугаар тогтоолоор 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон 44.4 мянган иргэний тэтгэврийг түдгэлзүүлж, нөхөн олговор олгох болжээ. Дээрх иргэдээс 17 мянга нь буюу 80.2 хувь нь улсын дундаж буюу 374.8 мянган төгрөгөөс бага тэтгэвэр авч байгаа юм. Тиймээс 17 мянган иргэний тэтгэврийн хэмжээг улсын дунджид хүргэхээр хуулийн төсөлд тусгажээ. Хуулийн төслийг баталсан тохиолдолд 2020 оны нэгдүгээр сараас мөрдөх бөгөөд нийт 12.7 тэрбум төгрөг шаардлагатай хэмээн тооцсон байна.


УИХ-аар Монгол Улсын 2020 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа үед уг хуулийн төслийг нэн даруй батлан, шаардлагатай хөрөнгийг төсөвт тусгах хэрэгтэй гэдгийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт онцлов.


Монгол Улсын эдийн засаг сэргэж байгаа энэ үед иргэдийн амьжиргааг дээшлүүлэх алхам хийх нь зөв гэдгийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хэлээд, хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийллээ.


Хуулийн төслийг гишүүдийн 64.4 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ. Чуулганаар Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.

Холбоотой мэдээ