Баруун бүсийн аймгуудын математикийн олимпиад Ховд аймагт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-10-22 17:17:32

Ховд /МОНЦАМЭ/. Академич доктор, профессор Т.Жанлавын нэрэмжит "Баруун бүсийн аймгуудын математикийн олимпиад" энэ сарын 18-20-нд Ховд аймгийн Цэцэг суманд боллоо.

Баруун бүсийн шилдэг математикч багш, сурагчдыг шалгаруулах, улсын олимпиадад оролцох эрх олгох, шилжин явах цомын эзэн багийг тодруулахад тэмцээний зорилго чиглэж байв.

Олимпиадад Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн 6-12 дугаар ангийн сурагч, бага, дунд ангийн математикийн багш нарын  төлөөлөл  нийт 192 хүн оролцож,  мэдлэгээ  сорьсон аж.

Олимпиадын  нийлбэр дүнгээр  тэргүүн  байрт  Увс,  дэд  байрт  Завхан,  гуравдугаар байрт  Ховд аймгийн багш, сурагчид тус тус шалгарчээ.

Ийнхүү тус олимпиадад Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчид анх удаа шагналт байрт шалгарснаараа онцлогтой.

Тодруулбал, 7 дугаар ангийн төрөлд  Прогресс сургуулийн сурагч М.Халиунаа алт, О.Дөлгөөнтамир мөнгө,  

8 дугаар ангийн төрөлд ЕБ-ын 3-р сургуулийн сурагч Б.Наранжаргал  мөнгөн медаль, Ц.Сарангэрэл хүрэл,

9 дүгээр ангийн төрөлд Прогресс сургуулийн сурагч С.Сүхбат хүрэл,  

11 дүгээр ангийн төрөлд  Алтай сумын ЕБС-ийн сурагч  А.Мөнхзаяа хүрэл,  

12 дугаар ангийн төрөлд  Цаст-Алтай цогцолбор сургуулийн сурагч Т.Насанбилэгт  хүрэл медаль хүртжээ. 

Харин бага ангийн багш нарын ангилалд Ховд аймгийн Жаргалант сумын Лаборатори Нэгдүгээр сургуулийн багш Н.Энхжаргал хүрэл, дунд ангийн багш нарын ангилалд Жаргалант сумын ерөнхий боловсролын Гуравдугаар сургуулийн багш Х.Лхамсүрэн хүрэл медаль тус тус  хүртсэн байна.

Энэхүү тэмцээний 9-12 дугаар ангийн төрөлд тэргүүн байрт шалгарсан сурагчид Улсын олимпиадад оролцох эрхтэй болжээ. 

"Баруун бүсийн аймгуудын математикийн олимпиад"-ыг  2015 оноос эхлэн  жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй.  Энэ удаагийн зохион байгуулагчаар Монголын математикийн олимпиадын хороо, Ховд аймгийн ЗДТГ, БСУГ, Цэцэг сумын ЗДТГ хамтран ажиллав.

 

Холбоотой мэдээ