Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн нийцлийн аудитын тайланг сонсоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дөрвөн байнгын хороо өнөөдөр хуралдаж энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.
Тухайлбал, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо 10.00 цагт хуралдаж “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх юм. Харин 11.00 цагт Төсвийн байнгын хороо хуралдаж Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Түүнчлэн Орон нутгийн хөгжлийн сангийн 2018 оны хөрөнгийн зарцуулалт, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн нийцлийн аудитын тайланг сонсоно.
Үдээс хойш буюу 14.00 цагт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдаж, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Харин 15.00 цагт хуралдах Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товлоод буй юм.