Хубилай хааны төр засах ухааныг төрийн албатууд өвлөн эзэмшихийг чухалчлав

Монголын мэдээ
bolor@montsame.mn
2015-09-21 15:25:16

Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн хүрээнд өнөөдөр "Хубилай сэцэн хаан ба Юань улс" олон улсын эрдэм шинжилгээний нэгдсэн хурал МУИС-ийн Нэгдүгээр байрны дугуй танхимд эхэллээ.

Нэгдсэн хуралдааныг нээж Монгол улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун үг хэлэв. Үүний дараа Монгол Улсын ЗГХЭГ-ын дарга, Хубилай сэцэн хааны 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийн дарга С.Баярцогт, Монгол улсын ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, ОХУ-ын БНТува улсын Боловрол, шинжлэх ухааны сайд К.А.Бичелдей нар мэндчилгээ дэвшүүлэв.

Хуралд ОХУ, Япон, БНСУ, ХБНГУ, БНХАУ, Монголын эрдэмтэн,судлаачид оролцож, илтгэл хэлэлцүүлж байна. Академич Ш.Бира “Монголын тэнгэрийн үзэл ба Хубилай хаан”, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн академич Ж.Болдбаатар “Хубилай хааны төр засан жолоодох ухаан” сэдвээр тус тус илтгэл тавив. Тэрбээр илтгэлдээ, “Хубилай хааны төрийн үзлийг “Арван буянт номын цагаан түүх” хэмээх чухал дурсгалт баримт бичигт тусгажээ. “Цагаан түүх” бол төр, шашныг тэгш хослон явуулах тухай Хубилай хааны үед урьд хожид тогтоон шийтгэсэн хууль цааз, зарлигийн эмхэтгэл юм. Түүний үзэл онолын цөм нь шашин, төр хоёр ёсыг тэгш явуулах, шашин болон төр хоёрын хоорондын найралт ёсыг тогтоож, хослон барих явдал болно. Хубилай хааны төр засан жолоодох таван бүлэг, 29 зүйл ухааныг өнөө үед төрийн бүх шатны албан тушаалтанд өвлүүлэн эзэмшүүлж, заан сургах нь төрийн уламжлал, шинэчлэлд чухал ач холбогдолтой. Хубилай хаан төрийн хоёр ёсны бодлого явуулахдаа олон үзлийн найралт ёсны голч тэнхлэгийг олох, өвөг Чингис хааны аливаад хүлээц тэвчээртэй хандах ухаан буюу монгол хүлээцтэй байх чанарыг өвлөн авч бүтээлчээр хэрэгжүүлж байсныг манай өнөөгийн эрх баригчид сургамж авууштай” хэмээн дурдав.

Академич Ш.Бира хэлэхдээ, “XIII-XIV зуунд үзэгдсэн монголчуудын ер бусын гэнэтийн их өрнөлт бол хэрэг дээрээ тэдгээрийн тэнгэрийг тахих шүтлэгтэй нь шууд холбогдолтой байсан бөгөөд чухамхүү тэрхүү шүтлэг л хөгжин хөгжсөөр эцсийн бүлэгт нэгэн бүхэл бүтэн улс төрийн үзлийг бий болгосон. Тэнгэрийн үзэл хөгжлийнхөө гурван үндсэн үеийг дамжсан. Чингис хаан 1206 онд Их Монгол улсыг үүсгэн байгуулсан үе. Энэ үед Тэнгэрийн үзэл нь Монголын Евроазийн нүүдэлчдийн их эзэнт гүрний засаг төрийг бишрэн шүтэж ёсчлон дээдлэх зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэгдэж байжээ. Чингис хааны дараах залгамжлагч хаадын үед тэнгэрийн үзэл Тэнгэр доорх бүхнийг монголчуудын эрх мэдэлд нэгтгэх ёстой хэмээх нэг ёсны тэнгэрчлэх тухай ертөнц дахины шинж чанартай тун нарийн чинад үзэл суртал болон хувирав. Гурав дахь үе нь  Хубилай хааны хаанчлалын  үеэс эхэлдэг бөгөөд энэ үед тэрээр бүх Хятадыг байлдан дагуулж улмаар Монгол даяар ертөнцийн эзэнт улсыг төвхнүүлэн байгуулсан. Энэ үед Хубилай хаан байлдан дагууллаас  илүүтэй ертөнцийн эзэнт гүрнээ номхотгон түвшитгэхийг эрхэмлэж байв” гэв.

Японы Отани их сургуулийн Т.Мацүкава хэлэхдээ, “ Их Юань улсыг үндэслэгч Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойд зориулан зохион байгуулж буй энэхүү хуралд миний бие Хубилай хааны санаачилгаар зохиогдсон төрийн албан бичиг болох дөрвөлжин үсгээр бичигдсэн баримт эх хэрэглэгдэхүүний сүүлийн үеийн тойм судалгааны талаар танилцуулж байна. Судлаач миний бие Монгол болон Хятадаас шинээр дөрвөлжин үсгийн монгол эх хэрэглэгдэхүүн олсон бөгөөд эдгээр материалд дүн шинжилгээ хийсэн юм. Монгол Улсад буй дөрвөлжин үсгийн хаданд сийлсэн дурсгал, хятадад шинээр илэрсэн Их Юань улсын зарлигийн хөшөөний бичгийн талаар өгүүлнэ” гэв.

Тус эрдэм шинжилгээний хурал маргааш өндөрлөнө.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд