Насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах стандарт боловсруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-10-09 15:46:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.


Шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах үүрэг бүхий Тахарын албаны тухай хууль хүчингүй болсноор чиг үүргийг нь цагдаагийг байгууллагад шилжүүлжээ. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төслийн 1 дүгээр зүйлд Гэрч, хохирогчийг хамгаалах ажлыг хэрэгжүүлэхэд дэмжих зөвлөл бий болгох, насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах стандартыг бий болгох, насанд хүрээгүй гэрч, хохирогчийн суралцах эрхийг хамгаалах заалт тусгажээ. Мөн гэрч, хохирогчид нийгмийн бусад тусламж үйлчилгээ хүргэх асуудал болон мэдээллийн сан үүсгэхтэй холбоотой шинэ бүлэг, хэсэг, заалт нэмснийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж танилцууллаа.


Төсөл санаачлагчийн илтгэлийн дараа УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил гэрч, хохирогчийг хамгаалах зардлын талаар тодруулав.


Хуулийн төслийн ажлын багаас, "Биечилсэн хамгаалалт бол аюулгүй газарт түр байрлуулах нь зардал өндөр. Түүнчлэн хамгаалалтын зардлыг төсөвт тусгагдаагүйгээс ихээхэн хүндрэл үүсч, зарим тохиолдолд алба хаагчид хувиасаа мөнгө, хөрөнгө зарцуулж байгаа. Иймд гэрч, хохирогчийг хамгаалах зардлын асуудлаар Сангийн яам болон холбогдох талуудад хүсэлт, тайлбар, мэдээллээ хүргүүлээд байгаа" гэв.


Уг хуулийн төслийг байнгын хорооны гишүүдийн 54.5 хувь дэмжсэн юм. Хуулийн төслийг УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.

Холбоотой мэдээ