Өмгөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-10-09 15:31:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.


УИХ 2012 оны гуравдугаар сарын 7-нд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан байна. Уг хуульд өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэхтэй холбоотой зохицуулалтыг тусгасан тул 2002 оноос хэрэгжиж байсан Өмгөөллийн тухай хуулийг хүчингүй болгосон юм. Үүнээс үүдэн өмгөөлөгчийн бие даасан, хараат бус байдал алдагдаж, мэргэжлийн ёс зүй, хариуцлага суларсан тул 7 бүлэг, 54 зүйлтэй шинэ хуулийг Засгийн газар боловсруулжээ. Хуулийн төслийг баталснаар өмгөөлөгчдийн бие даасан, хараат бус байдлыг сэргээж, иргэний хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхийг бүрэн хангах боломж бүрдэнэ хэмээн үзэж байгаа аж. Мөн Монголын Өмгөөлөгчдийн холбоог дахин зохион байгуулж, шүүхэд хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн эрх, үүрэг баталгаажих юм. Өмгөөллийн тухай хууль хэрэгжиж байхад улсын хэмжээнд 2500 орчим өмгөөлөгч ажиллаж байсан бөгөөд хуулийг хүчингүй болгосон 2012 оноос хойш 5000 болж олширчээ.


Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Өмгөөлөгчид хориглох зүйл, үйл ажиллагаатай холбоотой гурван зүйл буюу 15, 20, 21 дүгээр зүйлүүдийг нэгтгэж, өмгөөлөгчид хориглох зүйл, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх гэсэн 15 дугаар зүйл болгох, төсөл батлагдсан тохиолдолд хуулийн дагаж мөрдөх хугацааг тодорхойлох санал гаргаснаа танилцуулав. Түүнчлэн төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засвар хийж төсөлд тусгаснаа дурдлаа.


Ажлын багийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй бөгөөд зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хурааж, чуулганд танилцуулахаар тогтов.


Мөн байнгын хорооны хуралдаанаар Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. 


Дээрх асуудлуудыг энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм.

Холбоотой мэдээ