Уур амьсгалын ногоон сантай байгуулах хэлэлцээрийн төслийг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-10-03 15:51:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Уур амьсгалын ногоон сангийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэн дэмжив. 


Монгол Улс Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцыг хэрэгжүүлэх Киотогийн протоколд 1999 онд нэгдсэн. Тус конвенцын талуудын 16 дугаар бага хурлаас санхүүгийн шинэ механизм буюу “Уур амьсгалын ногоон сан” байгуулах шийдвэр гарч, уг сан 2013 оноос ажиллаж эхлэсэн юм. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход нь хөгжиж буй орнуудад туслах, буцалтгүй тусламж, хөнгөлттэй зээл олгодог байна. Манай улс 2014 оноос уг сантай идэвхтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд одоогоор 7 төслийг хэрэгжүүлэх шатандаа оржээ. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах арга ажиллагаа, техник, технологи бүхий жижиг, дунд бизнесийг дэмжих, ногоон санхүүжилтийн эх үүсвэр бий болгох, сэргээгдэх эрчим хүч ашиглах, гэр хорооллын эрчим хүчний бичил сүлжээ үүсгэх, нийслэлд эко шийдэл бүхий хороолол байгуулах, агаар, хөрс, усны бохирдол бууруулахад дээрх төслүүд чиглэж байна. Хэлэлцээрийг баталснаар тус сангаас Монгол Улсад олгох санхүүгийн дэмжлэгт давхар татвар ногдохгүй байх, хөнгөлттэй зээл авсан хувийн хэвшилд очих хүүгийн дарамт буурах ач холбогдолтой аж.


Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 61.5 хувь нь хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжиж, санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо.

Холбоотой мэдээ