Бурхан багшийн их дүйчин өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох хуулийн төсөл өргөн барилаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-10-02 18:50:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Н.Амарзаяа, Б.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг, Х.Нямбаатар, Ш.Раднаасэд, Д.Тогтохсүрэн, Д.Тэрбишдагва нар “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.


Төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Г.Мөнхцэцэг нар өнөөдөр өргөн барилаа.


Буддын шашин нь Монголын төрийн шашин байсан бөгөөд Монголын хаад арга билгийн ухаан, хатуу, зөөлөн үйлийн үрийн харилцан шүтэлцээ, номт төрийн гадаад, дотоод холбоо, шашин төрийн хос ёсны бодлогоор улс, түмнээ удирдан жолоодсоор ирсэн түүхтэй. Эдүгээ БНСУ, Тайланд, Шри Ланк, Сингапур, Япон, Энэтхэг, Вьетнам, Мьянмар зэрэг бурхны шашинт оронд Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрсэн, нирваан дүр үзүүлсэн Их дүйчин өдрийг олон нийтийн баяр, амралтын өдөр болгон тэмдэглэдэг байна. Дээрх улс орнуудад Их дүйчин өдрөөр мацаг барих, согтууруулах ундаа хэрэглэхгүй, худалдахгүй байх, өглөг хандив өгөх, бусдад туслах, энх тайвны жагсаал цуглаан хийх, ял шийтгэлийг хөнгөрүүлэх, мод тарих, цэвэрлэгээ хийх зэргээр нийгэм, олон нийтийг хамарсан сайн үйлс өрнүүлдэг аж.


НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас 1999 онд Бурхан багшийн Их дүйчин өдрийг олон улсын хэмжээнд тэмдэглэж байхаар  шийдвэрлэсэн байна. Тиймээс НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэр, иргэд, олон нийтийн хүсэлтийн дагуу Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу Зуны тэргүүн сарын шинийн 15-ныг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор тусгажээ.


Хуулийн төслийг баталснаар үндэсний түүх, хэл, соёл, шашны өв уламжлал, зан заншлаа хадгалан хамгаалж, хөгжүүлэх, монголчуудын эв нэгдлийг бататгах, хүний эрх, эрх чөлөөг хангах эдийн засаг, нийгмийн эерэг боломж бүрдэнэ гэж хуулийн төсөл санаачлагчид үзжээ.


Холбоотой мэдээ