Д.Тогтохсүрэн: Гишүүд парламентаа тогтвортой байлгах ёстой гэсэн санал хэлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-09-30 13:58:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай УИХ-ын 73 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцжээ.

Энэ талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, “УИХ дахь АН-ын зөвлөлөөс Ерөнхийлөгчийн хориг, Ард нийтийн санал асуулга болоод ээлжит бус сонгууль зохион байгуулах асуудлаар зөвшилцөх санал ирүүлсэн. Манай бүлэг уг саналыг хүлээн авч, таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын баг гарган ажиллуулж байна. Дээрх асуудлуудаар хараахан зөвшилцөлд хүрээгүй байгаа тул бүлгийн хурлаас эцсийн шийдвэр гарсангүй. Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай 73 дугаар тогтоолд тавьсан хоригийн талаар Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газар, АН-ын зөвлөлийн төлөөлөгчидтэй уулзаж, ярилцах шаардлагатай. Ээлжит бус сонгуулийн тухайд бүлгийн гишүүд парламентаа тогтвортой байлгах, төлөвшүүлэх ёстой гэсэн санал хэлж байна. Ард нийтийн санал асуулгыг ирэх сарын 30-31-нд, эсхүл УИХ-ын ээлжит сонгуультай хамт зохион байгуулах зэрэг олон санал гарч байна. УИХ-аар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэхийг хэлэлцэх хуулийн хугацаа энэ долоо хоногийн баасан гарагт дуусна. Үүнээс өмнө дээрх асуудлуудаар эцсийн шийдвэр гарна” гэлээ.

Холбоотой мэдээ