Монгол, БНСУ-ын Гаалийн байгууллагын дарга нарын IX уулзалт боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2019-09-30 13:35:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, БНСУ-ын Гаалийн байгууллагын дарга нарын IX уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо боллоо.

Уулзалтын үеэр ГЕГ-ын дарга Б.Асралт, БНСУ-ын Гаалийн албаны дарга Ким Ёонг Мүүн нар “Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж хөтөлбөрийг харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр” болон IX уулзалтын Протоколд гарын үсэг зурлаа.

Монгол, БНСУ-ын гадаад худалдааны бараа эргэлт сүүлийн 15 жилийн байдлаар 4 тэрбум ам.долларт  хүрчээ. Тиймээс хоёр орны гаалийн байгууллага “Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөрийг харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр” байгуулахаар 2015 оноос хойш судлан, өнөөдөр гарын үсэг зурж байгаа юм. Ингэснээр гадаад худалдааны бараа эргэлт өсөхөд чухал түлхэц болж буйг талууд онцлон тэмдэглэсэн юм.

Уулзалтын үеэр талууд БНСУ-ын гаалийн байгууллагаас Монголын гаалийн байгууллагад үзүүлж буй “Гаалийн шинэчлэлийн үйл ажиллагаанд зөвлөх үйлчилгээ үзүүлэх” төсөл, түүний үр дүнгийн талаар санал солилцлоо. Мөн хууль сахиулах салбарт хамтран ажиллах, туршлага солилцох талаар ярилцсан юм. Түүнчлэн гадаад худалдааны бүтээгдэхүүн ачилтын мэдээллийг урьдчилан солилцох, лабораторийн тоног төхөөрөмж, программ хангамж, БНСУ-ын гаалийн байгууллагын цахим худалдаанд хяналт тавих аргаас суралцах талаар санал солилцов.

Холбоотой мэдээ