Ерөнхийлөгч Х.Баттулгад БНЧУ-ын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера бараалхлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-09-30 12:58:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгч Х.Баттулгад Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Чех улс /БНЧУ/-ын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера өнөөдөр бараалхлаа.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ноён Ярослав Кубераг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд, хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн босгон дээр болж буй энэхүү айлчлал бодит үр дүнтэй, хамтын ажиллагааг шат ахиулах суурь болно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.


Хэдийгээр дипломат харилцаа тогтоосноос хойш 70 жил болох гэж байгаа ч эдийн засаг, иргэд хоорондын, соёл, хүмүүнлэгийн гээд олон салбарт чамлалттай харилцаатай байгааг талууд хүлээн зөвшөөрч, цаашид хамтын ажиллагаа аль аль талдаа харилцан ашигтай байх, хамтран гуравдагч орнуудад бүтээгдэхүүн гаргах чиглэлд анхаарах талаар ярилцлаа.  Ялангуяа, эдийн засаг, хүн ам нь өсөж буй зүүн Азийн улс орнуудын импорт нэмэгдэж байгаа үед Монголын түүхий эдийг БНЧУ-ын үйлдвэрийн технологитой хослуулах замаар эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх боломжтой гэж үзлээ. БНЧУ түүхий эдээ боловсруулахгүйгээр экспортод гаргаж байсан үеээ өнгөрөөж, өндөр технологи ашиглах болсон тул Монголд технологийн шинэчлэл хийх, боловсруулах үйлдвэрлэлд хамтран ажиллах нь илүү үр дүнтэй гэдэгт талууд санал нэгдсэн юм.


Ноён Ярослав Куберагийн айлчлалын бүрэлдэхүүнд БНЧУ-ын бизнес эрхлэгчид багтаж буй бөгөөд МҮХАҮТ, БНЧУ-ын Элчин сайдын яам хамтран Улаанбаатар хотод бизнес форум зохион байгуулахаар болсон байна. Энэ үеэр хоёр улсын бизнес эрхлэгчдэд үйлчлэх төвийг нээхээр болсон нь айлчлалын бас нэг үр дүн хэмээн үзэж буйгаа талууд онцлон тэмдэглэлээ.


Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ноён Ярослав Кубера нар соёл спортын, иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцсон юм.

Холбоотой мэдээ