Г.Занданшатар: Монгол, Чехийн эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера нарын албан ёсны хэлэлцээ өндөрлөв.
Хэлэлцээгээр хоёр орны худалдаа эдийн засаг, байгаль орчин, эрүүл мэндийн
салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцсон байна. Энэхүү
хэлэлцээ хоёр орны уламжлалт найрсаг харилцааг шинэ шатанд гаргахад томоохон
түлхэц үзүүлж буйг УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээлэв.
Тэрбээр, “Хоёр орон 1950 онд дипломат харилцаа тогтоосон. БНЧУ 1990 он
хүртэл Монгол Улсын худалдаа, эдийн засгийн хоёр дахь том түнш орон байсан. Тухайлбал,
“Эрдэнэт үйлдвэр”-ийн нөөц газрыг нээхэд ч БНЧУ-ын геологи, хайгуулын баг чухал
үүрэг гүйцэтгэснийг онцолж болно. 1990 оноос хойш ч Монгол Улсад хөгжлийн олон төсөл
хэрэгжүүлж ирсэн юм. Үүнд тахь хамгаалах, эх нутагт нь эгүүлэн нутагшуулах
төслийг адурдаж болох юм. Европын орнуудад амьдарч
буй монголчуудын дийлэнх нь буюу 9000 гаруй нь БНЧУ-д бий. Эдгээр иргэдийн
эрхийг хамгаалах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар өнөөдөр санал
солилцлоо. Мөн БНЧУ-аас Монгол Улсад эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлах
болсон. Дээрх хоёр асуудлыг БНЧУ-ын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар
хэлэлцэж байгааг дурдахад таатай байна. Ирэх онд хоёр орны дипломат
харилцаа тогтоосны 70 жилийн ой тохионо. Уг ойг угтан хоёр орны худалдаа, эдийн
засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахаар тохирсон” гэлээ.
Мөн тэрбээр хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх олон боломж
байгааг онцлоод ноён Ярослав Куберагийн айлчлалын хүрээнд Монгол, Чехийн бизнес
форум зохион байгуулахаар төлөвлөж байгааг хэллээ. Уг форумд оролцохоор БНЧУ-ын
20 гаруй томоохон компанийн төлөөлөл ирсэн байна.
БНЧУ-ын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера, “Манай
хоёр улсын харилцаанд хүндрэлтэй, маргаантай зүйл байхгүй. Аливаа гэрээ,
хэлэлцээ байгуулсны дараа тухайн асуудал цаасан дээр буугаад үлдэх бус бодит ажил болох
нь чухал. Яг энэ цаг мөчид манай улсын Засгийн газраас Монгол Улсын эрүүл
мэндийн салбарт тоног төхөөрөмж нийлүүлэх асуудлыг хэлэлцэж байгаа. Мөн Монголын
ХНХЯ-ны төлөөлөл манай улсад айлчилж байна. Хоёр орны эдийн засгийн харилцаа,
хамтын ажиллагааг хөгжүүлэх үүргийг хувийн хэвшлийн байгууллагууд гүйцэтгэх
ёстой. Улс төрчид зөвхөн хувийн хэвшлийнхний хамтын ажиллагааны үүдийг нээж байгаа юм. Тухайлбал, Чехийн бизнес эрхлэгчдийг Монголын зах зээлд гарахыг
дэмжих үйлчилгээний төв нээж байна. Энэ төв манай бизнес эрхлэгчдийг Монгол
Улсын хууль, тогтоол, стандарт шаардлагад нийцсэн бараа, үйлчилгээ нэвтрүүлэхэд нь туслах юм. Монгол Улс ашигт малтмалаар баян орон. Тиймээс ашигт малтмалын
түүхий эдийг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлоход нь дэмжиж,
хамтран ажиллахад бэлэн байна” гэв.
Айлчлал үргэлжилж байна.