БНЧУ-ын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгчийн айлчлал эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-09-30 10:02:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Куберагийн Монгол Улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ.


УИХ-ын дарга Г.Занданшатар ноён Ярослав Кубераг Сүхбаатарын талбайд угтан авсны дараа хүндэт зочин Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийлж, Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа. Айлчлал УИХ-ын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера нарын албан ёсны хэлэлцээгээр үргэлжилж байна. Хэлэлцээгээр хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцож буй юм. 


Хэлэлцээ өндөрлөсний дараа Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхах юм. 


Харин мягмар гарагт /2019.10.01/ Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера тэргүүтэй төлөөлөгчид Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхим болон Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамны хамтран зохион байгуулж буй бизнес форумд оролцож, лхагва гарагт /2019.10.02/ Хөшгийн хөндий дэх олон улсын шинэ нисэх буудлын бүтээн байгуулалттай танилцана.

Холбоотой мэдээ