Актлагдсан байранд сургалтын үйл ажиллагаа явуулсаар байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-09-25 22:10:59

Хэнтий /МОНЦАМЭ/ Үндэсний лаборатори нэгдүгээр сургуулийн хичээлийн байрыг 1957 онд барьсан бөгөөд ашиглалтын хугацаа нь хэдийнэ дуусч, хана таазнаасаа нуралт үүсэн сургалт явуулах боломжгүй болжээ.

Иймээс тус сургуулийн барилгыг акталж, газар дээр нь 1500 хүүхдийн багтаамжтай шинэ барилгыг барихаар хавар яригдсан. Зураг төсвийг нь хийсэн, санхүүг 2020 оны улсын төсөвт тусгахаар шийдвэрлэсэн байдаг. Гэвч одоог хүртэл актлагдсан байрандаа 1-7 дугаар ангийн нийтдээ 58 бүлэг хичээллэсээр байна.

Сургуулийн сургалтын менежер ярихдаа “Энэхүү хичээлийн байрыг буулгах талаар асуудал яригдаж байгаа. Буулгах хөрөнгө мөнгө шийдэгдсэн. Тендер хараахан зарлаагүй байгаа. Хэрвээ энэ барилгыг буулгахаар бол хичээлийн хоёрдугаар байрандаа гурван ээлжээр хичээллэж магадгүй байна. Гэхдээ энэ тухай шийдвэр хараахан тодорхой болоогүй байгаа” гэв.

Тус сургууль энэ хичээлийн жилд 2600 орчим хүүхэдтэй, хичээлийн хоёр байртай, нийт 75 бүлэгтэй, 95 багш, 48 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. 

Холбоотой мэдээ