Жаргалтхаан сумын хэсгийн төлөөлөгч шилдгээр шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-09-24 15:21:17

Хэнтий /МОНЦАМЭ/ "Шилдэг хэсгийн төлөөлөгч-2019" тэмцээний шилдгээр Жаргалтхаан сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Я.Үер шалгарч улсын аваргад өрсөлдөх эрхээ авлаа. 


Дэд байрт Дадал сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ц.Өлзийбат, гуравдугаар байрт Баянхутаг сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Н.Сэргэлэнцовоо нар шалгарлаа. 


"Шилдэг хэсгийн төлөөлөгч-2019" аймгийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20, 21-ний өдрүүдэд Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын сургалтын төвд болсон юм. Тус тэмцээнийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын ивээл дор жил бүр уламжлал болгон зохиодог аж. Сум орон нутагт бие даан ажиллаж байгаа цагдаагийн хэсгийн төлөөлөгч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, туршлага солилцуулах зорилготой ажил мэргэжлийн аварга шалгаруулах уг тэмцээнд Хэнтий аймгийн 15 сумын хэсгийн төлөөлөгч оролцжээ. 

Энэ үеэр хэлтсийн алба хаагчдыг ерөнхий мэдлэг, мэргэжлийн ур чадвар, эсээ бичих, галт зэвсэг хэрэглэх ур чадвар, гадаад хэл, компьютерийн мэдлэг, хэрэглэх ур чадвар, тээврийн хэрэгсэл жолоодох ур чадвар, бие бялдрын бэлтгэлжилт, тусгай хэрэгсэл хэрэглэх ур чадвар, албаны болон хувийн бэлтгэл гэсэн төрлөөр өрсөлдүүлэн шилдэг хэсгийн төлөөлөгчийг шалгаруулсан байна. 

Нэгдүгээр үе шатыг орон нутагтаа явуулж, түрүүлсэн хэсгийн төлөөлөгчийг дараагийн шатанд буюу улсын аваргын төлөөх тэмцээнд оролцуулдаг аж.



Холбоотой мэдээ