Засаг даргын тэтгэлгийг 28 оюутан хүртэнэ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2019-09-19 10:42:59
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ “Аймгийн залуучуудын хөгжлийн хөтөлбөр”-ийн дагуу жил бүр Засаг даргын нэрэмжит тэтгэлгийг оюутан залууст олгодог. 2018-2019 оны хичээлийн жилд уг тэтгэлэгт хамрагдах хүсэлтийг дотоодын болон гадаадын их, дээд сургуульд суралцах 30 гаруй хүн гаргасан.

Дээрх иргэдийн хүсэлтийг судлах, нөхцөл байдлын үнэлгээ хийх ажлыг Засаг даргын орлогч А.Түвшинжаргалаар ахлуулсан ажлын хэсгээс зохион байгууллаа. Тус ажлын хэсэг энэ хичээлийн жилд Засаг даргын нэрэмжит тэтгэлгийг гадаад, дотоодын их, дээд сургуульд элсэн суралцаж буй 28 оюутанд олгохоор шийдвэрлэжээ. Мөн элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан Орхон аймгийн найман сурагчийг дээрх тэтгэлэгт хамруулахаар боллоо.

Аймгийн Засаг даргын тэтгэлгийг 12-р ангиа онц, сайн дүнтэй төгссөн нийгмийн халамж дэмжлэг зайлшгүй шаардлагатай өрхийн хүүхдэд нэг хичээлийн жилд 700.000 төгрөг олгох журамтай. Түүнчлэн орон нутгийн хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжлээр магистр, докторын зэрэгт суралцаж байгаа оюутанд гурав хүртэлх сая төгрөгийн тэтгэлэг олгохоор тусгагдсан байдаг юм.


Холбоотой мэдээ