Дэлхийн банк, “Тогтвортой амьжиргаа-3” төслийн ажлын хэсэг Өвөрхангайд ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-09-14 15:44:24

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Дэлхийн банк, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Тогтвортой амьжиргаа-3” төслийн үйл ажиллагаагаараа Өвөрхангай аймаг улсад тэргүүллээ.

Монгол Улсын хэмжээнд 330 сумын ОНХС-гийн үйл ажиллагааг сайжруулах, иргэдийн оролцоог хангах, орон нутгийн засаглалын чадавхыг бэхжүүлэх зорилготой тус төслийн хэрэгжилтээр өнгөрсөн жил Бат-Өлзий сум, энэ жил Тарагт сум тус тус тэргүүлж, нэгдсэн дүнгээр Өвөрхангай аймаг тэргүүн байрт шалгараад байгаа юм.

Энэ хүрээнд Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев, Швейцарын хамтын ажиллагааны газрын дэд захирал, нэгдүгээр нарийн бичгийн дарга Бунуа Мейэр-Биш, “Тогтвортой амьжиргаа-3” төслийн удирдагч Инго Вейдер тэргүүтэй албаны хүмүүс Арвайхээр, Бат-Өлзий, Хужирт суманд гурав хоног ажиллалаа. Энэ үеэр дээрх сумдад ОНХС-гийн хөрөнгөөр гүйцэтгэсэн бүтээн байгуулалтуудтай танилцаж, үнэлэлт дүгнэлт өгсөн юм. Мөн Архангай, Булган, Төв, Баянхонгор, Дундговь аймаг дахь төслийн зохицуулагчид туршлага судалж, хамтран ажиллав.

“Тогтвортой амьжиргаа-3” төслийн удирдагч Инго Вейдер хэлэхдээ “Өвөрхангай аймгийн хувьд хөрөнгө оруулалт нь  иргэдэд нэн тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд зарцуулагдаж чадсан байна. Шинэ суурьшлын бүсэд цахилгааны асуудал шийдэх, зам гүүр тавих, сургууль цэцэрлэгийг өргөтгөх гэх мэтээр үр дүнтэй ажил хийжээ” гэлээ.

 

Холбоотой мэдээ