“Төрийн үйлчилгээг танд хүргэе-Иргэдээ сонсъё” багийн өдөрлөгийг эхлүүллээ

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-09-14 21:41:05

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэрлэн сумын ЗДТГ, ИТХ хамтран “Төрийн үйлчилгээг танд хүргэе-Иргэдээ сонсъё” багийн өдөрлөгийг өнөөдрөөс эхлүүллээ.

Өдөрлөгөөр дамжуулан төрийн үйлчилгээг иргэдийнхээ оршин суугаа баг, хороололд хүргэж, Багийн хурлыг хэсэгчлэн зохион байгуулах юм. Энэ хүрээнд есдүгээр сарын 13-15-ны өдрүүдэд Хэрлэн сумын зургаан багт хүрч ажиллахаар төлөвлөжээ. Өнөөдрийн хувьд ажлын хэсгийнхэн Хэрлэн багийн 100 гаруй иргэн, хөдөлмөрчидтэй уулзалт хийлээ.

Энэ үеэр сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Ц.Идэрбат сум орон нутагт хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл хийж, иргэдийн санал бодлыг сонсож, санал солилцов.

Мөн аймгийн Цагдаагийн газар, ХХҮГ, ЭМГ, Иргэний бүртгэлийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, ОБГ, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Өндөрхаан тохижилтын газар, БЗӨБЦТСС, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, Өмгөөлөгчдийн холбоо зэрэг байгууллага иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж ажиллалаа.

Маргааш Булаг, Баянмөнх,Сариг багт ажиллах юм байна. Хэрлэн сум бол Хэнтий аймгийн төвд оршдог хамгийн олон баг, хүн амтай суурин юм.

Холбоотой мэдээ