Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж, цэцэг өргөлөө

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-09-10 23:06:47

Хэнтий /МОНЦАМЭ/ Өнөөдөр хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр 24 дэх жилдээ тохиож байна. Үүнтэй холбогдуулан аймаг сумын удирдлагууд, хэлмэгдэгсдийн ач зээ, төрөл төрөгсөд Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл илэрхийллээ.

Энэ үеэр хэлмэгдэгсдийн ач зээ, төрөл төрөгсдөд тус аймгийн ИТХ-аас буяны зүйлс гардуулан өглөө. Үргэлжлүүлэн төв хийдэд ном хурах бол, оройн 19.30 цагт Хэлмэгдэгсдийн хөшөөнд зул өргөх ёслол хийхээр төлөвлөжээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд 2018 оны 1-р сарын 12-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулснаар цагаатгуулах тухай өргөдөл гомдлыг хүлээн авах хугацааг 2020 оны 12-р сарын 31 хүртэл сунгасан байна.

Хэнтий аймгийн хэмжээнд 76 иргэн хүсэлт гаргаж, баримт бичгээ бүрдүүлсэн 39 хүнийг сонинд зарлаж, 11 иргэн шүүхэд хандаж, хоёр иргэн насны дарааллаар орон сууцны зориулалтаар 40-80 сая төгрөгийн нөхөн олговор авчээ. 

Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчдийн эхнэр, нөхөр эсвэл хэлмэгдэгсийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг, мөн хорих ялаар шийтгүүлсэн дээрх хүмүүст 40 сая төгрөг тус тус олгохоор тусгасан. 

Хэнтий аймгийн ИТХ, аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс, Хэрлэн сумын ИТХ хамтран Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийн үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Холбоотой мэдээ