Мексик цагаачдын урсгалыг ихээхэн бууруулжээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2019-09-07 12:24:51

МЕХИКО. /The Guardian/. Өнгөрсөн тавдугаар сараас хойш АНУ-ын хилийг бичиг баримтгүйгээр давсан цагаачдын тоог 56 хувиар бууруулсан гэж Мексикийн эрх баригчид мэдээлжээ. 


Баасан гарагт зохион байгуулсан Засгийн газрын хэвлэлийн бага хурлын үеэр Гадаад хэргийн сайд Марсело Эбрард ийнхүү мэдэгдсэн байна. Өнгөрсөн зургадугаар сард хоёр орны эрх баригчид Мексикээр дамжин АНУ-ыг зорих цагаачдын тоог 90 хоногийн дотор бууруулахаар тохиролцжээ. 


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хууль бус цагаачлалын асуудлыг зохицуулах чиглэлд Мексикийн эрх баригчид илүү их хүчин чармайлт гаргахгүй бол тус улсын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулна хэмээн мэдэгдсэнтэй холбоотойгоор Мексикийн тал энэ чиглэлийн үйл ажиллагаагаа эрчимжүүлсэн юм. 


Ирэх долоо хоногт Мексикийн Гадаад хэргийн сайд тэргүүтэй төлөөлөгчид Вашингтоны засаг захиргааны төлөөлөгчидтэй уулзах  ажээ. "Манай улсын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулахгүй хэмээн найдаж байна" гэж М.Эбрард хэлсэн байна. 

Холбоотой мэдээ