Зорилтот бүлгийн 54 иргэнийг хүнсний ногоо тариалах ажилд хамруулжээ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2019-09-06 15:08:17

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас Бүлгийн зохион байгуулалттай хүнсний ногоо тариалах ажлыг найман суманд хэрэгжүүлж, есөн бүлэгт зорилтот өрхийн  54 иргэнийг түр ажлын байраар хангажээ.

Тодруулбал, Эрдэнэцагаан, Уулбаян, Баруун-Урт, Мөнххаан, Түмэнцогт, Наран, Халзан, Дарьганга гэсэн найман суманд уг төсөл анх удаа хэрэгжиж байгаа аж. Тариалалтын бэлтгэл ажилд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 19 сая төгрөг олгосныг 5,9 га талбайг  хагалах,  үр  бордоо, усалгааны  систем,  ус  агуулах  сав,  хашааны  хамгаалалтын  тор,  хүлэмж худалдаж авах зэрэгт зарцуулсан байна.

Нийт 5,9 га талбайд тариалалт хийснээс, төмс 4,13 га, өргөст хэмх, улаан шар манжин, лууванг 1,77 га –д тариалсан байна.

Мөн таван суманд 4х3 хэмжээтэй хүлэмж долоон ширхэг, 8х20 хэмжээтэй хүлэмж нэгийг тус тус худалдаж авснаас энэ жил нийт хүлэмжийн 176м2 талбайд өргөст хэмх, улаан лооль , салатны навч, вандуй зэргийг тариалжээ.  

Одоогийн байдлаар Халзан, Баруун-Урт суманд 77,2 кг өргөст хэмх хурааж аваад байна. Харин бусад суманд тариалсан ногоог энэ сарын сүүлээр нэгдсэн журмаар хураах бөгөөд хураасан ногоог төсөлд хамрагдсан иргэд өөрсдөө зарж борлуулах юм байна. 

Холбоотой мэдээ