Муур галзуурсан тохиолдол гарчээ

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-09-05 12:13:50

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэрлэн сумын Тахилгат тосгоны иргэн Б-гийн муур галзуу өвчний шинж тэмдэг үзүүллээ гэх дуудлага ирсний дагуу тус сумын малын эмч очжээ. Очиход өвчилсөн муур үхсэн байсан тул эмгэгт дээж авч, аймгийн МЭАЦЛ-д хүргүүлэн шинжлүүлэхэд галзуу өвчин болох нь тогтоогдсон байна.

Шинжилгээний дүнг үндэслэн Хэрлэн сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 26-ны А/197 тоот захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоон холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус голомтын нэг өрхийн 60 үхэр, 180 хонь, 80 ямаа нийт 320 малыг галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад хамруулжээ. Мөн тус өрхийн хоёр нохой, хоёр муурыг устгалд оруулж, устгалын цэгийн нийт 50 м2 талбайд хлорын шохойгоор халдваргүйтгэл хийсэн аж.

Сумын хүн эмнэлгээс голомтын өрхөд байсан хоёр иргэнийг галзуугийн вакцинд хамруулж  хязгаарлалтын бүсэд нутаглаж буй нэг малчин өрхөд галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэн ажиллажээ.

Өнгөрөгч сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд нэмж өвчлөл илрээгүй тайван байна хэмээн аймгийн Мал эмнэлгийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ