“Иргэн бүр санаачлагч-Өрх бүр үйлдвэрлэгч” хөтөлбөр баталжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-08-29 15:24:48

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн энэ оны зургадугаар сарын хуралдаанаар “Иргэн бүр санаачлагч-Өрх бүр үйлдвэрлэгч” хөтөлбөр баталжээ.

Аймгийн хэмжээнд  бүртгэлтэй 958 жижиг дунд үйлдвэр эрхлэгч, иргэн аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж буйгаас худалдаа үйлчилгээний 47, хүнсний 17, хөнгөн үйлдвэрийн 13, мал аж ахуйн дөрөв, газар тариалангийн гурав, барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр таван аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байна.

Мөн 2018 оны жилийн эцсийн байдлаар аймгийн нийт хүн амын мах махан бүтээгдэхүүний хэрэгцээний 100 хувь, төв суурин газрын сүүний хэрэгцээний 56.8 хувь, гурилан бүтээгдэхүүний 6.4 хувь, төмс хүнсний ногооны 10.57 хувийг дотоодоосоо хангаж байгаа бөгөөд аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 0.4 хувийг өрхийн үйлдвэрлэл хангаж байна.

Цаашид өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг дэмжих, олон нийтийн хэвлэл мэдээлэл болон бусад сурталчилгааны сувгаар бизнесийн түүх, шилдэг туршлага, төрийн бодлогыг сурталчлах, өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг төрийн худалдан авалтаар дэмжих, бүтээгдэхүүний нэр төрөл хэмжээг нэмэгдүүлэх шаардлага байгаа аж. Хөтөлбөрийг 2019-2022 онд хэрэгжүүлнэ.

Холбоотой мэдээ