АНУ, Монголын төрийн тэргүүн нар хоёр талын худалдааны асуудал хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2019-07-31 10:28:10
twitter.com/Nyamkanmk

ВАШИНГТОН. /Washingtontimes/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “хоёр хясаан дундах сувд” гэгдэж буй Монгол Улстай худалдааны салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байна.


Цагаан ордны албаны хүмүүсийн мэдээлснээр, Монголын худалдааны урсгалын 90 орчим хувь нь хөрш БНХАУ-аар дамждаг ажээ. Тиймээс АНУ-ын Засаг захиргаа хоёр улсын түншлэлийн харилцааг бэхжүүлэх замаар энэ байдлыг өөрчлөхөд нь Монголд туслах хүсэлтэй байна.


АНУ автомашин, хүнд машин механизмыг Монгол руу экспортолдог бол Монгол Улс вольфрам-ховор металл, тансаг зэрэглэлийн ноолууран бүтээгдэхүүн АНУ руу гаргадаг.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д хийх айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар АНУ руу ноолуур татваргүй нийлүүлэх боломжийг Монголд олгох хуулийн төслийн талаар хэлэлцэж магадгүй байна. Хэрэв энэ хууль батлагдвал БНХАУ-аас хэт хамааралтай Монголын худалдааны салбарт эерэг өөрчлөлт гарах юм.


Монгол Улс нь 1990 онд коммунизмаас татгалзаж, “чөлөөт болон нээлттэй” нийгмийг цогцлоосон билээ. Тэр ч утгаараа зарим хүн тус улсыг БНХАУ болон ОХУ-ын дунд байрлах “хоёр хясаан дундах сувд” эсвэл “ардчиллын баянбүрд” хэмээн нэрийддэг.


Албаны хүмүүсийн онцлон тэмдэглэж байгаагаар, Монгол нь АНУ-ын гол холбоотон БНСУ болон Японтой нягт харилцаа холбоотойгоос гадна БНАСАУ-тай харилцаатай байдаг. Үүнтэй холбоотойгоор Д.Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын гурав дахь удаагийн дээд хэмжээний уулзалт Монголд болж магадгүй гэсэн шуум гараад байгаа билээ.


Гэвч албаны хүмүүс энэ талаар мэдээлэл өгөхөөс татгалзаж, “төлөвлөсөн зүйл байхгүй” гэж мэдэгдсэн юм.


Холбоотой мэдээ