АНУ, ОХУ-ын БХЯ-ны тэргүүн нар Сирийн асуудлыг хэлэлцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2015-09-19 13:18:14

ВАШИНГТОН. /NHK/. Сирийн хямралыг шийдэх арга замыг олохын тулд цаашид яриа хэлцээ хийж байхаар АНУ болон ОХУ-ын батлан хамгаалахын сайд нар тохиролцжээ.

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Эштон Картер, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нар утсаар ярьсан байна.

Өнгөрсөн оны гуравдугаар сард ОХУ Крымыг улсдаа нэгтгэснээс хойш тус хоёр улсын батлан хамгаалахын сайд нар анх удаагаа хэлэлцээ хийсэн нь энэ юм.

Пентагоны албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, ОХУ хэлэлцээ хийх санал тавьж, “Лалын улс” бүлэглэлтэй хэрхэн тэмцэх талаар сайд нар санаа бодлоо солилцжээ.

АНУ тэргүүтэй эвсэл Сирид “Лалын улс” бүлэглэлд агаараас цохилт өгөх ажиллагаагаа үргэлжлүүлж байна.

Сирийн Ерөнхийлөгч Башар Аль-Асадын засаг захиргаанд ОХУ цэргийн дэмжлэг үзүүлсээр байгаа юм.

Сирид улс төрийн шилжилт хийж, босогчдыг дарах нь чухал болохыг хэлэлцээний үеэр АНУ-ын тал онцлон тэмдэглэжээ.
 

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд