БНАСАУ-ыг буруушаасан тогтоол батлав

Дэлхийд | Улс төр
dorjkhand@montsame.mn
2015-09-19 12:57:45

ВЕНА. /ВВС/. Умард Солонгос цөмийн байгууламжуудаа эргэн ажиллуулж эхэлснийг буруушаасан тогтоолыг Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг буюу МАГАТЭ баталлаа.

МАГАТЭ-гийн гишүүн улсууд Австрийн нийслэл Вена хотноо жил тутмын чуулга уулзалтынхаа сүүлийн өдөр буюу өчигдөр Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийг хэлэлцжээ.

60 гаруй улс, тэдгээрийн дотор Япон, Өмнөд Солонгос болон АНУ хамтран өргөн барьсан уг тогтоолыг гишүүд санал нэгтэйгээр баталсан байна.

Йонбен дэх цөмийн цогцолборын бүх байгууламжийг, үүний дотор цөмийн реакторыг дахин ажиллуулж эхэлснээ Пхеньян энэ долоо хоногийн мягмар гарагт зарласантай холбогдуулан түгшиж байгаагаа уг тогтоолд тусгажээ.

Мөн Зүүн Хойд Ази болон олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, тогтвортой байдалд ноцтой аюул учруулах цөмийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээ зогсоохыг Пхеньянаас шаардсан байна.

Хиймэл дагуулаас авсан зургуудад дүн шинжилгээ хийн Йонбен дэх цөмийн байгууламжуудаа Умард Солонос өргөтгөсөн гэж МАГАТЭ-гийн шинжээчид дүгнэсэн юм.

Гэхдээ зургаан жилийн өмнө хөөгдөж гарснаасаа хойш МАГАТЭ-гийн шинжээчид Умард Солонгост хөл тавиагүй байгаа билээ.

Г.Доржханд
 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд