О.Цэндгомбо: Хараа баясгам эх дэлхийгээ хайрлая

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-07-19 12:37:14

Хэнтий /МОНЦАМЭ/. Хүн байгалийн шүтэлцээг нарийн мэдэрнэ гэдэг заяагдмал хишиг юм уу гэлтэй. Хүүхэд ахуй наснаасаа байгаль, эх нутгаа хайрлан хамгаалах хоёргүй сэтгэлийг өвөрлөж, өдгөө ажил мэргэжлээрээ овоглож яваа Дадал сум дахь Онон Балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга, Хэнтий аймгийн хонин жилийн оны алдартан Осорын Цэндгомботой ярилцлаа.  

-Энэ сайхан нутагт төрж өсч, байгаль эх дэлхийгээ хамгаалах үйлсэд хүчин зүтгэж явна гэдэг хувь тохиол юм.  Юуны өмнө та мэргэжлээ хэрхэн сонгож байснаа  хуваалцах уу?

- Аав ээж маань ажилчин гаралтай хүмүүс байсан. Орон нутагтаа янз бүрийн л ажил хийнэ. Тухайн үед мэргэжил сонгох гэдэг  тийм ч нийтлэг биш байсан үе л дээ.

Хөдөө орон нутагт механик инженер, тариа тарьдаг агрономи, тракторын жолооч, сумын эмч гээд цөөхөн хэрэгцээтэй мэргэжлүүд эрэлттэй байсан.

Тэгээд орон нутагтаа тариа тарьж амьдаръя гэж бодож агрономич мэргэжлийг сонгосон.  Зах зээлийн нийгэм эхлэх 90-ээд онд  хүмүүсийн амьдралд цоо шиэн өөрчлөлт гарсан шүү дээ.

Манай Гурван нуурын рашаан сувилалд хүмүүс жил бүр л ирж амарна. Байгалийн доройтол болж гал түймэр гарах гэх мэт янз бүрийн эрсдэлт үед төрийн албан хаагч нутаг орноо хайрлах ёстой юм гэсэн сэтгэлээр үндсэн мэргэжлээ байгаль хамгаалагчийн ажлаар сольж байсан нь хамгийн шийдэмгий алхам маань байлаа.

Энэ чиглэлээрээ ажиллаад байгаль орчин, ой хөвч, ан амьтнаа хайрлан хамгаалах үйлсэд хүчин зүтгээд 11 жил болсон байна.

-     -Та юунд хамгийн их сэтгэл хангалуун явдаг вэ?

-Анх мэргэжил сонгож байсан үеэ хэлнэ дээ. Байгаль хамгаалах ажил бол бусад ажил мэргэжлээс ялгаатай. Учир нь  энэ ажил тодорхой хэмжээний төлөвлөлттэй, мониторинг судалгааны ажлын давтамжтайгаар явдаг бол тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтыг  менежментийн төлөвлөгөөгөөр зохицуулна .

Энэ нь олон улсын жишигт нийцсэн төлөвлөлт хийдэг аргачлалаар өрнөдөг. 2010 онд Онон Балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд улсын хэмжээнд анх удаагаа төлөвлөлт хийсэн байдаг.

Одоо бол менежментийн төлөвлөгөөгөөр ажиллаж байна. Төлөвлөгөөнийхөө дагуу амжилттай ажилласны үр дүнд улсад гурван удаа “Манлайлагч байгууллага”-аар шалгарсныг дурдахад таатай байна.

-     - Аливаа зүйлийг хийхэд хамт олны нөмөр нөөлөг чухал байдаг. Та хамт олныхоо тухай ярих уу?

-Манай хамт олон аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтыг тавьж БОАЖЯ-ны бодлого зохицуулалтын газар, Хэнтий аймгийн нутгийн зөвлөл зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Нийт 415 мянган га газар нутгийг хамгаалдаг манай байгууллагад 19 мэргэжилтэн ажиллаж байна. Хамт олноо удирдан чиглүүлж, нийгэмдээ үлгэр жишээ байлгахыг хичээсээр л явна. Ажиллах орчин нөхцөл бол их онцлогтой.

Хөдөө гадаа их явна, сургалт сурталчилгааг өөрсдөө зохион байгуулна, хөтөч болно гээд л манайхан олон ажлыг нугалж сурсан улс. Ийм хүмүүстэй ажиллахад хүртэл урамтай. Манайхан ажлын байраа цэвэр цэмцгэр байлгах тал дээр их анхаарна, дээрээс нь архины хэрэглээгүй хамт олон болсон.

Менежментийн төлөвлөгөөний дагуу байгалийн нөөцийн ашиглалтыг зохицуулах, хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хийх, судалгаа шинжилгээ, мониторинг хийх, мэдээллийн сан бүрдүүлэх, сургалт, мэдээлэл сурталчилгаа хийх, орчны бүсийн үйл ажиллагааг чиглүүлэх, аялал жуулчлал, эко аялал жуулчлал хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг.

-   -"Хэнтийн мэдээ" агентлагаас зохион байгуулдаг “Оны есөн алдартан” шалгаруулах уламжлалт үйл ажиллагааны хонин жилийн алдартан болж байсан. Тухайн үед юу бодогдож байв?

-Үнэхээр сайхан санагдаж байсан. Байгаль орчноо хамгаалах үйлсийг маань дэмжсэн, итгэл найдвар бэлэглэсэн том хүндэтгэлийг хүлээж авсандаа баяртай байдаг.

-      -Нутгийнхандаа  хандаж юу хэлэх вэ?

-Хүн бүрт ус агаар хэрэгтэй байдгийн адил үзэсгэлэнт байгаль, ан амьтад, жигүүртэн шувууд гээд хараа баясгам эх дэлхий маань хичнээн чухал гэдгийг хүн бүр ухамсарлаж байгаасай.

Аялал жуулчлалын бүс нутаг байж, ард иргэд нь байгальтайгаа харилцан шүтэлцэж, сэтгэл хангалуун амьдарцгаахыг Хан Хэнтийчүүддээ уриалж байна. 

Холбоотой мэдээ