Оюутан цэргүүд хээрийн бэлтгэлдээ гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-06-20 10:25:20
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдсан 100 залуу Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн сургалтын баазыг түшиглэн хээрийн дадлага, сургуулилтад гарлаа. Уг хөтөлбөр  Орхон аймагт гурав дахь жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 300 орчим оюутан хамрагджээ. Энэ жил тус хөтөлбөрт Булган аймгаас 10, Дархан-Уул аймгаас 30, Орхон аймгаас 60 оюутан хамрагдаж байна.

Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулан цэргийн алба хаах бололцоог бүрдүүлэх, эх орноо батлан хамгаалах, төрийн алба хаших, эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн болон цэргийн бэлтгэлтэй залуусын тоог нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас “Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм.

Энэхүү хөтөлбөрт 18 нас хүрсэн бакалаврын түвшний өдрийн ангийн нэгдүгээр дамжааны суралцагч буюу 2.8 болон түүнээс дээш голч дүнтэй залуусыг бүртгэж нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулан сонгож авдаг юм. Хөтөлбөрт хамрагдсан оюутнууд "Цэргийн ерөнхий бэлтгэл" хичээлийг хоёр кредит, 96 цагаар сонгон судалж шаардлага хангасан оюутан залуусыг 12 кредит, 560 цагийн "Цэргийн тусгай бэлтгэл" сургалтад хамруулдаг юм. 

Холбоотой мэдээ