“Монголын төлөө” уриан дор 1200 залуу чуулж байна

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2019-06-18 14:22:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Залуучуудын оролцоо, манлайлалгүйгээр улс орны сэргэн мандаж урагшлах боломжгүй гэдгийг өнөөдөр болсон “Монголын сэргэн мандал-Залуучуудын  манлайлал” уулзалтад оролцогчид онцоллоо.


Уулзалтыг Монголын Ардчилсан холбооны залуучуудын зөвлөл ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан “Монголын төлөө” уриан дор Соёлын төв өргөөнд зохион байгуулав. Уулзалт нь залуу хүн бүрийн сэтгэлд Монголоороо бахархах, түүх өв соёлоо дээдлэх, өөрийн хийж чадах ажлыг сэтгэлээсээ хийн хамтдаа хөгжиж ёс суртахууны уналтаас гарах замыг тодорхойлох зорилготой юм.  

МоАХ-ны дэд дарга П.Нүрзэд хэлэхдээ, “Одоогоос 30 жилийн өмнө Монголын ардчилсан холбоо ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн түүхтэй. Бид эрх чөлөө, эрхтэй байхын чухлыг ойлгосон ч хариуцлагатай, ёс зүйтэй байх нь түүнээс ч чухал гэдгийг одоогийн нийгмийн хөгжил хангалттай харуулж байна. Тиймээс өнөөдөр залуучуудын үүрэг хариуцлага болон шийдвэр гаргах түвшинд хэрхэн дуу хоолойгоо хүргэх талаар ярилцана. Энд цугласан залуучууд болон идэрчүүд ямар нэгэн намын төлөөлөл биш.  Бүгд сайн дураараа оролцож байна. Улс орны хөгжилд уул уурхай, аялал жуулчлал гэхээсээ илүү эхлээд эрх үүргээ мэддэг, хариуцлагатай  хүний хөгжил чухал юм” гэв.

Уулзалтаар залуусын ёс суртахуун, оролцоог дээшлүүлэхэд чиглэсэн “Сайн явах санааных, ёс суртахуун”, “Дижитал өрсөлдөх чадвар”, “Монголчууд ба залуучууд” зэрэг илтгэл тавьж оролцогчдын санал, хэлэлцүүлэгт үндэслэн нэгдсэн уриалга гаргах юм.

Хан-Уул дүүргийн залуучуудын төлөөлөл Г.Эрдэнэбаатар, “Залуучууд хариуцлагатай байж үүрэг оролцоогоо өндөр түвшинд хүргэх хэрэгтэй байна. Сонгуулийн үеэр залуучуудын ирц хангалтгүй байдаг. Тиймээс залуус өөрийнхөө төлөө хийж буй зүйлдээ хариуцлагатай хандмаар байна. Манай дүүрэг залуучууд олонтой учраас энэ чиглэлийн төлөвлөгөөт ажлыг шат дараатай хийж байна” гэлээ.

 Уулзалтад нийслэлийн Хан-Уул, Сонгинхайрхан, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Багахангай, Багануур, Налайх дүүргийн 1200 залуу чуулав. 


М.Батчимэг 

Гэрэл зургийг Т.Чимгээ



Холбоотой мэдээ