Элэгний өвчлөлийг бууруулах зорилгоор ХСҮТ, Эрдэнэтийн эмч нар хамтран ажиллана

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2019-06-15 22:49:00
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймаг сүүлийн жилүүдэд элэгний хавдраар Монгол Улсын хэмжээнд тэргүүлэх болсонтой холбогдуулан хавдрын тархалтыг багасгах, ирээдүйд гарах хүндрэлийг бууруулах зорилгоор Хавдар судлалын үндэсний төв, “Эрдэнэтийн эмч” ТББ  хамтран В вирустэй иргэдэд туслах ажил өрнүүлж эхэллээ.

Тэд эхний ээлжинд “Медипас” эмнэлгийг түшиглэн, Эрдэнэт үйлдвэрийн 100 гаруй ажилтанд элэгний В вирусын эсрэг эмийг хоёр сарын хэрэглэхийг нь үнэ төлбөргүй олгох юм. Ингэхдээ тухайн өвчтөнийг элэгний эмчид үзүүлж, шаардлагатай тохиолдолд эм уулгахаар шийдвэрлэжээ.

Элэгний В вирустэй хамгийн сайн тэмцсэн улсаар Тайванийг нэрлэдэг бөгөөд тус улсад үйлдвэрлэсэн чанартай эмийг Хавдар судлалын үндэсний төв олгосон байна. Одоогоор дэлхий нийтэд В вирусээр өвчлөгсдийг бүрэн төгс эдгээх эмчилгээ хараахан гараагүй тул насан туршдаа болон тодорхой хугацаанд эм уух зайлшгүй шаардлагатай байдаг ажээ.    

Мөн “Эрдэнэтийн эмч” ТББ  төсөл боловсруулж, аймгийн Эрүүл мэндийн газарт хүсэлт тавьсан байна. Хэрэв уг төсөл дэмжигдвэл ирэх наймдугаар сараас Орхон аймгийн иргэд вирусын эсрэг эмээр хангагдах ажээ. Түүнчлэн орон нутгийн эмч нарт чиглэсэн олон талт үйл ажиллагаа зохион байгуулахын зэрэгцээ нийтийг хамарсан ажлууд зохион байгуулна гэж  тус  төрийн бус байгууллагын тэргүүн З.Сонор хэллээ.

Тэд Хавдар судлалын үндэсний төвийн эмч нарыг багаар нь урьж, элэгний хавдарт хийж байгаа судас боох болон элгэн дэх хавдрыг түлэх эмчилгээг орон нутагтаа хийхээр зорьж байгаа ажээ.

 

Холбоотой мэдээ