“Бэлэн бай” тэмцээн багийн ажилчдын бэлэн байдлыг шалгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-06-13 17:53:34
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн 80 жилийн ойн хүрээнд  Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны зөвлөлийн санаачилгаар  багийн Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгч, улаан загалмайн сайн дурын гишүүдийн дунд “Бэлэн бай” тэмцээн зохион байгууллаа.

Тэмцээний гол зорилго нь гамшиг ослын үед багийн нийгмийн ажилтан болон Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгчид хамтран ажиллах, анхны тусламжийг яаралтай үзүүлэх, гамшигт нэрвэгдсэн иргэдэд сэтгэл зүйн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэхэд оршжээ.

Баг бүрт 15 хүний бүрэлдэхүүнтэй анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх нөхөрлөлүүд байдаг бөгөөд үүн дээр нэмэгдэж багийн Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгчид оролцож байгаагаараа “Бэлэн бай” тэмцээний онцлог гэж аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг хэллээ.

Байгалийн болон гэнэтийн гамшиг ослын үед иргэд цочролд орж гарах гарц, яаралтай тусламжийн дугаараа ч мартах, хэнд, хаана хандахаа мэдэхгүй байх тохиолдол их гардаг байна. Иймд чиглүүлэх, туслах, урьдчилан сэргийлэх мэдээлэл өгөх зорилготой анхан шатны тусламжийн нөхөрлөлийн гишүүдийн бэлэн байдлыг шалгах зорилгоор уг тэмцээнийг зохион байгуулдаг ажээ.  

Дашрамд дурдахад, 2017 онд Орхон аймагт гэнэтийн аадар бороо орж хүчтэй салхины улмаас гэр нь нурж шөнө хаачихаа мэдэхгүй, гудамжныхаа гарцыг олохгүй, бага насны хүүхдээ тэврээд явж байсан иргэд цөөнгүй байсан байна. Энэ нь иргэд гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, ойр орчныхоо нөхцөл байдлыг үнэлж мэддэггүй, гамшгийн эрсдэлийн талаар ямар ч ойлголтгүй байсантай холбоотой байжээ. Иймд уг тэмцээн гамшигт ямагт бэлэн байх дохиог олон нийтэд өгөх зорилготой юм. 

Холбоотой мэдээ