Бразил улсын иргэн унадаг дугуйгаар дэлхийг тойрч байна

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2019-06-05 11:17:00

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан сумын ЗДТГ-ын нийт албан хаагчдын хуралд Бразилийн иргэн Грегори Грамани ирж дэлхийг тойрон аялж байгаа сонирхолтой түүхээсээ хуваалцжээ. 29 настай хуульч мэргэжилтэй тэрээр мэргэжлээрээ 4 жил ажилласан ч өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр ажлаасаа гаран дугуйгаар дэлхийг тойрох аялалдаа гарчээ.

Монгол Улс түүний аялж байгаа 106 дахь орон аж. Унадаг дугуйгаар дэлхийг тойрохдоо тэр ихэвчлэн хөдөө газрын замыг сонгодог гэв. Энэ нь түүнд нийтлэлээ бичих, сонирхолтой, баялаг сэдвийг бий болгодог гэлээ.

Тэрээр аялсан улс орнуудынхаа талаарх үнэн бодитой, сонирхолтой нийтлэлүүдийг бичиж өөрийн улсынхаа хамтран ажилладаг мэдээллийн агентлагтаа өгдаг байна.

Одоо тэр “Азийн мөрөөдөл төсөл”-дээр ажиллаж байгаа аж. Түүнийг Дархан хотоор дамжин өнгөрөхөд нь “Дугуйтай Дархан клуб”-ынхан тосон авч сум орон нутгийн удирдлагуудтай хамтран төрөлх хотоо танилцуулжээ.

Гадаа хүйтэн ч монголчуудын сэтгэлд ассан галын илч түүнд аялалаа амжилттай үргэлжлүүлэх их эрч хүчийг өгсөн хэмээн уулзалтын үеэр онцолжээ. Түүний дараагийн зорих улс орнууд нь Узбекистан, Киргизстан, Тажикстан, Иран, Ирак зэрэг уулын гэгддэг улсууд ажээ.

 

Холбоотой мэдээ